С.Амарсайхан: Монгол наадам бол монголчуудын үүх түүх, төрт ёсны илэрхийлэл болсон эгнэшгүй үнэт зүйл

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-13 14:47:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй 7 худагт болж буй Уяачдын наадмыг Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нээж үг хэллээ.


Монгол наадам бол монголчуудын үүх түүх, өв соёл, төрт ёсны илэрхийлэл болсон эгнэшгүй үнэт зүйл гэдгийг Шадар сайд хэллээ. Даяаршлын эрин зуунд улс орнууд бие биенээсээ ялгарах, ондооших зүйл нь уугуул өв соёл юм. Баяр наадам бол эрхт төрийн эв нэгдэл, тусгаар тогтносон улс орны түүх, соёл, ой санамж гэдгийг мөн онцоллоо.


Тэрбээр, “Дэлхий нийтэд Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад соёлын үүрэг, үр нөлөө, ач холбогдол өндөр болж байгаа энэ цаг үед энэ салбарын асуудлыг бүхий л түвшинд анхаарах ёстой. Тэр дундаа мал аж ахуйд тэтгэгдсэн нүүдэлчин монголчууд бид байгаль эхтэйгээ зохицон амьдардаг хосгүй өв соёлтой бөгөөд мянга мянган жилийн турш дөрвөн улиралдаа тааруулж нүүдэллэхдээ уул ус, ургамал амьтан, араатан жигүүртэн бүхний оршихуйн тэнцвэрт байдлыг хадгалж ирсэн. Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон морь уяхыг төрийн эрхэм зүйл хэмээн дээдэлж явдаг уяачид төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан морь уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн, хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан наадаж байна. Энэ жилийн наадамд 21 аймгаас уяачид зорин ирж, нийт 1600 гаруй хурдан хүлэг төрийн их баяр наадамд тоосоо өргөж, түмэн олноо баясгалаа. Хамгийн ахмад уяач нь эдүгээ 80 настай Дундговь аймгийн Дэрэн сумын уяач А.Намсрай гуай бол хамгийн залуу нь Хэнтий аймгийн Өлзийт тосгоны 13 настай Ө.Содбаяр хүү байна. Ө.Содбаяр морио өөрөө уяж, төрийн их наадамдаа өөрөө унаж хурдлуулсан бахдам түүхтэй байна. Энэ жилийн баяр наадамд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Зууны манлай уяач, Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин Д.Даваахүү хамгийн олон морь түрүүлүүлж, айрагдууллаа. Өнөөдрийн эрлийн дээд, дунд, бага насны уралдаанд 469 хурдан хүлэг уралдуулахаар бүртгүүлсэн байна. Уясан эзэн, унасан хүүхдийг алтан шар зам ивээг” хэмээв.

相关新闻