MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар кино хөгжүүлэх сангийн тэтгэлэгт шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-08 10:03:06

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Азийн кино урлагийн ирээдүйн мастеруудыг дэмжих зорилготой Talents Tokyo хөтөлбөрийн үргэлжлэл болох Next Masters Support Programm-д хоёр монгол найруулагч шалгарчээ.


2010 оноос эхлэлтэй тус хөтөлбөр нь шинэ киног дэмжихэд зориулан хоёр төрлийн санхүүжилт олгодог байна. Энэ жил Монгол Улсаас найруулагч П.Золжаргал “Sane Mother”, П.Лхагвадулам The Vision of Lonely Mountains төслөөрөө кино төсөл хөгжүүлэх сангийн тэтгэлгийг хүртсэн байна. Уг тэтгэлэгт шалгарсан уран бүтээлчдэд 1.5 сая иен хүртэлх санхүүжилт олгодог байна.


Түүнчлэн шалгарсан оролцогчид салбарын шилдэг мэргэжилтнүүдийн илтгэл, зөвлөгөөг сонсохоос гадна өөрсдийн төслийг танилцуулж, олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжоо тэлдэг аж. Уг хөтөлбөр нь Азийн шинэ, залуу кино найруулагч, продюсеруудыг дэмжин хөгжүүлэх, уран бүтээлчдийн хүрээллийг тэлэх, туршлага солилцох боломж олгох, олон улсад бүтээлээ сурталчлан таниулах, фестивалиудад оролцох суурийг тавих, төсөл хөгжүүлэлт болон олон улсад бүтээлээ таниулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилготой юм.



相关新闻