Нийслэлийн 8 цэцэрлэгт шинээр тусгай зөвшөөрөл олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргаж нийслэлийн 8 цэцэрлэгт шинээр тусгай зөвшөөрөл олгожээ.
Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан 8 цэцэрлэгт улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулахаар болов.
Шинээр байгуулсан цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов.
Тодруулбал, Багануурт - 1, ЧД-т – 3, СХД-т 2, БГД болон ХУД-т тус бүр 1 цэцэрлэгийг 241-247 хүүхдийн багтаамжтай нийт 1270 орны хүчин чадалтай ажиллах юм.
Д.Өлзий