ХӨВСГӨЛ: Эгч дүүсийн хамтарсан “Хос бичигтэн”үзэсгэлэнд шилдэг 20 гаруй бүтээл дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ү.Энхжин, 3 дугаар ангийн сурагч дүү З.Эмүжин нарын хамтарсан “Хос бичигтэн” уран бичлэгийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ.
Ү.Энхжин 6 дугаар ангиасаа эхлэн монгол бичгийг шамдан суралцаж эхэлсэн байна. Тэрбээр орон нутагтаа гурван удаагийн бие даасан монгол бичгийн үзэсгэлэн гаргаж долоон удаагийн сургалтыг мэргэжлийн багш, төрийн албан хаагч, сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зохион байгуулжээ.
Түүний дүү Ү.Эмүжин эгчийгээ
дагаж монгол бичгийг 5 наснаас эхлэн суралцсан бөгөөд “Монголын сайхан бичигтэн” уралдааны хамгийн
залуу оролцогчоор шалгарч байсан. Эх
хэлний өдрийн хүрээнд Соёлын яамны дэмжлэгтэй гарч буй тус үзэсгэлэнд эгч дүүс өөрсдийн
110 гаруй бүтээлийнхээ хамгийн шилдэг 20 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ.
Ү.Энхжин нь "Монголын нууц товчоо"-г 10 метр даавуун дээр бичсэн бүтээлээр "Сүегэр-2021" уралдааны уран бичлэгийн төрөлд тэргүүлж байсан юм.
Монгол бичгийг бие даан гүнзгийрүүлэн судалж
эхэлсэн үе тэнгийн найзууддаа зориулан
25 сорил багтсан 45 хуудастай “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном
бүтээж, тус ном нь тоо болон гадаад үгийг эвхэж бичсэнээрээ онцлог бүтээл болж
байжээ.