СЭЛЭНГЭ: “Бид хилчдийн үргэлжлэл” өдөрлөг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-12 19:04:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0101 дүгээр анги

9 дүгээр сарыг "Гэр бүлийн сар" болгон зарласан байна.  


Энэхүү сарын ажлын хүрээнд алба хаагчдынхаа ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдийн дунд "Бид хилчдийн үргэлжлэл" сэдэвт өдөрлөгийг өнгөрсөн амралтын бямба гарагт зохион байгуулжээ. Энэхүү өдөрлөгт ангийн төв, хилийн цэргийн салбарын алба хаагчдын 130 гаруй хүүхэд хамрагдсан байна.

Өдөрлөгийн хүрээнд алба хаагчдын хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх, үр хойчдоо эх оронч үзлийг төлөвшүүлэх. Цаашлаад хилчдийн ажил, мэргэжлийн онцлогийг танилцуулах, гэр бүлээрээ дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүлэх зэрэг олон ажлыг явуулжээ.  

Оролцож буй хүүхдүүдийг насны ангиллаар 3 багт хуваан оролцуулсан байна. Тэдэнд “Эх орон ба хилчид” сэдвээр ухуулга яриа хийж, нээлттэй ярилцлага зохион байгуулахын зэрэгцээ алба, тасаг бүр өөрсдийн алба үйл ажиллагааг танилцуулсан байна.

Мөн ангийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс амтат хоол, хөнгөн зууш, талх, нарийн боов бэлтгэн, хүүхдүүдэд хүндэтгэлийн зоог барьсан байна. Үүний зэрэгцээ азын сугалаа зохион явуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татжээ.  

Сугалааны азтанууд хичээлийн хэрэгсэл, аав ээжтэйгээ дурсамж дүүрэн өнгөрүүлэх 5 хоногийн цалинтай чөлөөний эзэд болжээ. Мөн азын сугалааны супер азтан цэвэр үүлдрийн овчарка нохойн гөлөг хожиж, өөрийн мөрөөдлөө биелүүлжээ.

Түүнчлэн өдөрлөгт оролцсон хүүхэд бүрт дархлаажуулалтын багц бэлэглэсэн байна. Мөн энэ үеэр ангийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах ангийн захирагчийн тушаал батлагдсаныг ангийн нийт бие бүрэлдэхүүн, тэдний үр хүүхдэд уншиж танилцуулжээ. 



相关新闻