ЗАВХАН: Хууль бусаар тарвага агнасан иргэнийг зөрчлийн хуулиар торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-14 17:17:19

Завхан/МОНЦАМЭ/. Хууль бусаар тарвага агнасан, тээвэрлэсэн зөрчлүүдийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авлаа гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Цагдаагийн газраас Тосонцэнгэл сумын Байгаль орчны газартай хамтарсан хяналт шалгалт хийх үеэр иргэн С нь 28 тооны тарвага, иргэн М 20 тооны тарвагыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.

Монгол Улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт бүсэд хамаардаг. Сүүлийн 20 жилийн өмнөхөөс тарвага эрс цөөрснийг цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний буруу үйлдэлтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Мөн БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жил хориглосон. Хууль бусаар тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.1, 2, 3, 4, 5, 6-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тус хуульд зааснаар ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн. Гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан, зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иймд иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж байна гэв.


 

相关新闻