ТӨСӨВ 2023: С.Наранцогт: Төсөв өргөн барих өдрийн ханшаар ам.долларыг тооцсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан
гишүүд төсвийн хүрээнд асуусан
асуултаа хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, "Төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа хэм хэмжээг нь зааж
өгсөн ч төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн 5 сарын хугацаанд ямар өөрчлөлт ороод
орлого ингэж нэмэгдэв? Мөн зарлага
1.2-1.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Ирэх онд юуг санхүүжүүлэх юм
бэ. Мөн өрийн хэмжээ 1 их
наяд орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн
байна. Өрийн баталгаа гаргах гэж байгаа юм уу?" гэж асуулаа.
Үүнд Сангийн
яамны Төрийн нарийн бичгийн
дарга Ж.Ганбат "Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулж байх үеийнхээс
өнөөгийн нөхцөл байдал сайжирсан. Оны эхний 3 сард экспортоо сэргээж чадахгүй
хүнд байсан. Одоогоор өдөрт дунджаар 200 мянган тн нүүрс гаргаж байна. Цар
тахлын өмнөх нөхцөл байдалтай нүүрсний экспорт дөхөж очсон тул төсвийн орлогыг нэмсэн. Ирэх жил 36
сая тн нүүрс экспортлох бүрэн бололцоотой байна.
Төсвийн урсгал зарлагыг 2022 оны
түвшинд барихыг хичээсэн. Нөгөө талдаа хүн амын тооны өсөлт, статистик тоо, УИХ-аар баталсан шийдвэртэй
холбоотой зардлыг 1.5 их наяд төгрөгөөр нэмж байгаа. Ирэх жил шинэ хөрөнгө
оруулалт байхгүй гэж тооцоолсон.
Өрийн тухайд “Шинэ
сэргэлтийн бодлого”-д
тусгасан 1 тэрбум ам.доллар
хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг өрийн тооцоонд оруулсан. Гэхдээ
үүнийг УИХ-аас тухай
бүрд нь зөвшөөрөл авч хэрэгжүүлнэ гэх байдлаар нэмж оруулж ирсэн" хэмээн
хариуллаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: “2023
онд ам.долларыг хэд болно гэж, мөн ДНБ-ээ хэд гэж тооцсон бэ? Ирэх
оноос зардал нэмэгдүүлэх ямар хууль шинээр үйлчилж эхлэх вэ?
ТНБД Ж.Ганбат: Төсөв боловсруулахдаа УИХ-д өргөн барих үеийн ханшийг тооцоололдоо
ашигладаг. Гарцаагүй, зайлшгүй нэмэх шийдвэр дээр хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг нэмэгдүүлсэнтэй
холбоотой мөн УИХ-ын хүнсний хангамж, аюулгүй
байдлын талаар авах арга хэмжээний тухай
тогтоолтой холбоотой 230-аад тэрбум төгрөгийн зардал нэмж байгаа гэсэн бол Эдийн засаг, хөгжлийн яамны дэд
сайд С.Наранцогт нэмж хариулахдаа, “Сүүлийн
жилүүдэд төсөв өргөн барих өдрийн ханшаар ам.долларыг тооцох нь бодитой гэж
үзсэн. Аравдугаар сарын 1 нд ам.доллар 3344 төгрөг байсан. Өрийн үйлчилгээ нэмэгдэж
байгаа нь долларын ханш өссөнтэй бас
холбоотой. Ирэх жилийн
ам.долларын ханш улсын гадаад валюутын албан нөөц, төлбөрийн тэнцэлтэй уялдаж
байгаа хэмээсэн юм.