ДАРХАН-УУЛ: Сул зогсолтын үеийн олговрыг 80 хувь болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-24 10:14:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК сул зогсолтын олговрыг 80 хувь болгож нэмэгдүүлжээ. Тус компанийн удирдлагууд үйлдвэр, уурхайн нэгжийн ажилтнуудтай ажлын байранд нь нээлттэй уулзалтыг өнгөрсөн саруудад хийсэн аж. Энэ уулзалтуудаар ажиллагсад сул зогсолтын олговрыг нэмэгдүүлэх санал, хүсэлтийг уламжилж үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид албажуулан, албан хүсэлтийг захиргаа, удирдлагын багт хүргүүлсэний үндсэн энэ сарын 20-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.


Ажилтнуудын нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх заалт, ДТҮ ТӨХК-ийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 3.15 дахь заалтыг үндэслэн сул зогсолтын үеийн олговор 60 хувь байсныг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хамтын гэрээний хугацаа дуустал 80 хувиар олгохоор шийдвэрлэжээ.


Мөн төрд шилжсэнээс хойш буюу энэ 5, 7 дугаар сард ажиллагсдын үндсэн цалинг үе шаттайгаар 28%-иар нэмэгдүүлсэн аж. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд анх удаа сул зогсолтын үеийн олговрыг үндсэн цалингийн 80%-иар тооцож олгохоор болсонд үйлдвэрийн нийт ажилтнууд баяртай байна гэж Үйлдвэрчний хорооны дарга Ц.Сувдгэрэл мэдэгдлээ.

 

"Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК нь 37 нэгжид 1534 ажилтан ажиллаж байна. Гадаад болон дотоод хүчин зүйл, техник тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл саатал, техникийн их засварын ажлаас шалтгаалан Төмөртэй уурхайн баяжуулах хэсэг, Нойтон баяжуулах үйлдвэр, Тээвэр ложистикийн албаны 100 гаруй ажилтан буюу нийт ажилтны 6 хувь нь сул зогсолттой аж. Төмөртолгойн уурхайн баяжуулах нэгдүгээр хэсэг энэ сарын 15-наас, баяжуулахын хоёрдугаар хэсэг 21-ний өдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ.

相关新闻