Б.Жавхлан: Хөгжлийн банкны 915.1 тэрбум төгрөгийн зээлийн өр төлүүлээд байгааг 1 их наядад хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн өр барагдуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв.
Засгийн газрын
2010 оны
тогтоолоор Хөгжлийн банк байгуулахаар шийдэж, бие даасан хууль батлан 2011
оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тус банк олон улсын зах зээлээс
хөрөнгө төвлөрүүлж, стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөр
санхүүжүүлэх замаар макро эдийн засгийг дэмжих зорилготой байв. 2011-2022 онд 3.5
тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний эх үүсвэрийг татан
төвлөрүүлснээс 1.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын “Чингис” бондын эх үүсвэр, 2 тэрбум ам.долларыг нь тус банк өөрөө татан төвлөрүүлсэн. Дээрх 3.5 тэрбум
ам.доллароос 3 тэрбумыг нь төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд, 0.5 тэрбумыг нь өрийн
удирдлага буюу эх үүсвэрийн дахин санхүүжилтэд зориулжээ.
Хөгжлийн банк нь 3.5
тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт олгож, үүнээс 1.4 тэрбум ам.долллар
буюу 40.8 хувийг төслийн орлогоос эргэн төлөх нөхцөлөөр, 0.5
тэрбум ам.доллар буюу 15.1 хувийг дамжуулан санхүүжүүлэх хэлбэрээр, 1.5 тэрбум ам.доллар
буюу 44 хувийг улсын төсвийн шинжтэй, их хүүтэй валютын эх үүсвэрээс
санхүүжүүлж болохгүй төсөлд хөрөнгө оруулсан. Ингэхдээ 2011-2016 онд 2.5
тэрбум ам.доллар буюу 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгосон бол 2017-2022
онд 1 тэрбум ам.доллар буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгосныг Б.Жавхлан
хэлсэн үгэндээ онцоллоо.
Тэрбээр ярихдаа, “Төв банкны хяналт шалгалт зохицуулалтын оролцоог хангах талаар
тусгаагүй, санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, сайн засаглалын
зарчим мөрдөөгүй нь банкны санхүүгийн чадавхыг сулруулж, эрсдэл бий болгосон. Засгийн газар 2012-2016 онд нийт 120
тогтоолоор, тухайн үеийн ханшаар 8.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг
Хөгжлийн банкаас гаргахыг даалгаж, 2.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт
олгожээ. Төсөл нэртэй хувь компанийг нэр цохон даалгасан тогтоол бий. Тодруулбал, шинэ бүтээн байгуулалтыг дэмжих нэрээр “Эрэл” ХХК-ийн байшин үйлдвэрлэх
комбинат төслийг тусгайлан нэр зааж, олгох санхүүжилтийн дүнг тогтоолдоо бичиж
үүрэг болгосон. Мөн “Шинэ яармаг” орон сууцны хороололд 50 сая ам.долларын, төмрийн үйлдвэрийг дэмжих нэрээр “Монлаа” ХХК, “Бэрэн” групт зээл
олгохыг даалгасан. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй, төр хэн нэгэнд давуу
байдал бий болгосон алдаа. Эдгээр төслөөс заримынх нь үйл ажиллагаа эхлээгүйгээс гадна чанаргүй зээл нийт зээлийн 70 гаруй хувийг эзэлж байна.
Монголбанкнаас
2021 онд тус банканд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй 3.2
их наяд төгрөгийн зээлээс чанаргүй нь 1.8 их наяд төгрөгт хүрч, чанаргүй
зээлийн хэмжээ нийт багцын 55 хувьд хүрснийг албажуулсан. Засгийн газрын
тогтоолоор олгосон зээл нийт зээлийн 73 хувийг эзэлж, банкны өөрийн хөрөнгийн
хүрэлцээ 1.3 хувьд хүрсэн нь дампуурлын ирмэгт хүрсгэсэн” хэмээв.
Түүнчлэн, Хөгжлийн банк 2023 оны 10, 12 дугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд арилжсан 500 сая ам.долларын “Евро” бонд, Японы зах зээлд арилжсан 30 тэрбум иенийн “Самуурай” бондын эх үүсвэр буюу 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийх хуваарьтай. Иймд яаралтай арга хэмжээ авахгүй бол олон улсын банк санхүүгийн өмнө гэрээгээр хүлээсэн зөрчил үүсэж, эх үүсвэрүүд хуваарьт төлөлтийн хугацаанаас өмнө буцаан дуудагдана. Энэ нь Засгийн газрын бусад эх үүсвэр ч хугацаанаас өмнө төлөгдөх, гадаад өрийн дарамт учруулах эрсдэлтэй. Иймд Засгийн газраас Хөгжлийн банкны өр барагдуулахад анхаарч байна.
Одоогоор 915.1 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг шүүхийн шатанд шийдэгдлээ. Нийт 41 зээлийг эргэн төлүүлэх, эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулж байна. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 16 хувьд хүрч, зохистой харцаанд хүрч байна. Эдгээр зээлийн эргэн төлөлтийг 2022 оны эцэст 1 их наяд төгрөгт хүргэхийг зорьж байна. Ингэснээр оны эхэнд 1.3 хувь байсан банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт 20 хувь хүрэх боломж бүрдэнэ. Улмаар Хөгжлийн Банкийг санхүүгийн хувьд дампуурах эрсдэлээс гаргаж, хэвийн үйл ажиллагаатай болгон, банк бие даан 2023 оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай, томоохон төсөл хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой болно" гэдгийг хэллээ.