Европ руу органик бүтээгдэхүүн экспортлох зорилгоор Польшийн итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын органик салбарын BioFach 2023 үзэсгэлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Нюрнберг хотод 2023 оны 2-р сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд болжээ.
Тус үзэсгэлэнд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, хөндлөнгийн баталгаажуулалтын “Эс Эф Си Эс” ХХК зэрэг байгууллагын 12 төлөөлөгч Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төсөл, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын дэмжлэгтэйгээр оролцсон байна.
BioFach-2023 арга хэмжээ нь 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил 130 улсын 3200 гаруй худалдааны компани, баталгаажуулалт, хяналтын байгууллага, 51000 гаруй хэрэглэгч оролцлоо. Энэхүү үзэсгэлэн нь органик хөгжлийн ирээдүйн чиг хандлага, худалдааны гэрээ хийдэг жилийн хамгийн чухал B2B платформ юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 191 улсын 37 сая фермер нийт 76.4 сая га талбайд 124,8 тэрбум еврогийн органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд органик зах зээл 2022 онд 1.7 хувиар өсжээ. Швейцар улс нэг хүнд ногдох органик бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа ба жилд дунджаар 425 евро зарцуулж байна.
АНУ органик салбарт 300 сая ам.долларын санхүүжилт олгох, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Сем Оздемир 2030 он гэхэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 30 хувийг органикт шилжүүлэх, мөн судалгаа хөгжүүлэлтийн зардлын 30 хувийг органик салбарыг хөгжүүлэхэд зарцуулах болсныг албан ёсоор мэдэгджээ.
Монгол Улсын төлөөлөгчид Олон улсын Органик Хөдөө Аж Ахуйн Холбооны Ерөнхийлөгч хатагтай Карен Мапузагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал өгөх эрхтэй гишүүнчлэлийн үнэмлэхийг гардан авсны зэрэгцээ Монголын органик бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлох, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Польш улсын итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн Олон улсын Органик Хөдөө Аж Ахуйн Холбоо (IFOAM)-ны итгэмжлэлийн байгууллага (IOAS)-ын Гүйцэтгэх захирал ноён Дэвид Крусэфикстай уулзаж, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар болон "Эс Эф Си Эс" ХХК-ийг баталгаажуулах гэрээний нөхцөлийг харилцан тохиролцжээ.