Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 99.7 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 22.8 хувиар багасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2023 оны 1 дүгээр сард 107 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум, импорт 688 сая ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 669.5 (61.1 хувь) сая, экспорт 538.1 (99.7 хувь) сая, импорт 131.5 (23.6 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Харин энэ оны 1 дүгээр сард экспорт өмнөх сарынхаас 318 (22.8 хувь) сая, импорт 145.1 (17.4 хувь) сая ам.доллароор багаслаа. Гадаад худалдааны тэнцэл 1 дүгээр сард 389.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 406.6 сая ам.доллароор өсөж, өмнөх сарынхаас 172.9 сая ам.доллароор багассан байна. БНХАУ-тай 2023 оны 1 дүгээр сард 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 59.4 хувийг чулуун
нүүрс, 19.7 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон
барааны 99.9 хувийг алт эзэлж байна. Экспорт энэ оны 1 дүгээр сард өмнөх оны
мөн үеийнхээс 538.1 сая ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 427.6 сая, цайрын хүдэр, баяжмалын экспорт 25 сая, төмрийн
хүдэр, баяжмалын экспорт 23 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Алтны хилийн дундаж үнэ энэ оны 1 дүгээр сард өмнөх сарынхаас
килограмм тутамд 3.2 мянган ам.доллароор, зэсийн баяжмалын хилийн дундаж
үнэ тонн тутамд 65.4 ам.доллароор, боловсруулаагүй газрын тосны хилийн
дундаж үнэ баррель тутамд 1.7 ам.доллароор тус тус нэмэгдэв. Харин нүүрсний
хилийн дундаж үнэ тонн тутамд 6.2 ам.доллароор буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 1 дүгээр сард 3.5
сая тонн болж, өмнөх сарынхаас 1.1 сая тонноор, үнийн дүн 565.3 сая ам.доллар
болж, 190.9 сая ам.доллароор багасав. Импортын дүнд энэ оны 1
дүгээр сарын байдлаар БНХАУ 36, ОХУ 29.2, Япон 9.7, БНСУ 3.5, АНУ 3.3,
ХБНГУ 2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 83.7 хувийг бүрдүүлж байна.
ОХУ-аас импортолсон барааны 73.3 хувийг нефтийн
бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 70.3 хувийг суудлын автомашин,
БНХАУ-аас импортолсон барааны 11.9 хувийг ачааны автомашин эзэлжээ.
Импорт өмнөх оны мөн үеийнхээс 131.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлшний
импорт 49.7 сая, ачааны автомашины импорт 31 сая,
ариун цэврийн хэрэглэлийн импорт 15.5 сая, суудлын автомашины
импорт 15 сая, нийтийн тээврийн хэрэгслийн импорт 13.7 сая
ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийн
экспорт нийт экспортын 92.6 хувийг эзэлж байгаа бол импортын 77.2 хувийг эрдэс
бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл,
тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн болон хүнсний
бэлэн бүтээгдэхүүн эзэлж байв.