ДАРХАН-УУЛ: Уламжлалтын тасаг өдрийн эмчилгээ эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-03 14:32:35

Дархан /МОНЦАМЭ/. Иргэдийн санал хүсэлт, өмнө нь ашиглаж байсан тасгийн үйл ажиллагааг түшиглэн уламжлалт бариа засал, сэргээн засах эмчилгээг өргөжүүлж өдрийн эмчилгээг эхлүүллээ. Эрүүл мэндийн хоёрдугаар төвд 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй уламжлалт бариа заслын тасаг нь нэгдсэн эмнэлгийн харьяа бөгөөд 30 ортойгоор тусламж, үйлчилгээг үзүүлж байна.



Тус тасгийн өнгөрсөн долоо хоногт шинээр эхлүүлсэн амбулаторийн үзлэг болон өдрийн эмчилгээнд өдөрт 10-12 иргэн уламжлалт эм, тан, бариа засал, бумба, жин засал, зүү засал, хануур, самнуур, шивүүр засал, физик эмчилгээнд хамрагдах боломжтой ажээ. Иргэд эмнэлэгт хэвтэхгүйгээр ажлын өдрүүдэд 08.00-16.00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой бөгөөд төлбөрийн тухайд хамтын төлбөрийн зарчмаар ажил хөдөлмөр эрхэлдэг иргэд 22.500 төгрөг, төр хариуцан шимтгэл төлдөг ирдэг үнэ төлбөргүй үйлчлүүлэх ажээ.




7-9 хоног уламжлалт бариа заслын эмчилгээнд хамрагдахад өрхийн эрүүл мэндийн төвүүдээс 13Б хуудас шаардахгүй. Тасгийн эмчид үзүүлж өдрийн эсвэл хэвтэн эмчлүүлэх эсэхээ шийдэн эмчилгээгээ эхлүүлэх аж. Тус тасгаар үйлчлүүлэх иргэд Нэгдсэн эмнэлгийн 7037-1103, 7037-3103 утсаар болон өөрийн биеэр бүртгэлээ баталгаажуулж хамрагдах бөгөөд Дархан-Уул аймгийн харьяат насанд хүрсэн иргэн бүр үйлчлүүлэх боломжтой. Уламжлалтын тасагт жилд дунджаар 800-900 хүн үйлчлүүлдэг бол өдрийн үйлчилгээг эхлүүлснээр дээрх тоо нэмэгдэж, эмчилгээ үйлчилгээнд илүү олон хүн хамрагдана гэж Уламжлалтын тасгийн эрхлэгч, Монголын Уламжлалтын анагаах ухааны ахлах зэргийн эмч Г.Солонго онцолж байна. 

相关新闻