ДАРХАН-УУЛ: Экологийн алба байгуулагдсанаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-03 16:09:08

Дархан /МОНЦАМЭ/. Өнгөрсөн баасан гарагт аймгийн “Байгаль орчны салбарын ажилтан”-уудын зөвлөгөөн болж өндөрлөлөө. Уг зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан Эрүүгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Зам  “Хүрээлэн буй орчны эсрэг” гэмт хэрэг, зөрчил илрүүлэх чиглэлээр 2022-2023 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцууллаа. 




Тус алба байгуулагдсан цагаасаа эхлэн хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд таван алба хаагч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг аж. Тайлант хугацаанд аймгийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй 1325 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 36 буюу 4.3 хувийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл эзэлж өмнөх оны мөн үеэс 12 буюу 23.5 хувиар өсжээ.


Нийт бүртгэгдсэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 16 буюу 15.4 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 буюу 76.9 хувийг татгалзаж, 6 буюу 3.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэжээ. Дархан-Уул аймгийн нутгаар олон улс болон хот хоорондын авто зам, төмөр зам дамжин өнгөрдөг. Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй болон бүртгэгдэж байгаа гэмт хэргийг дийлэнхийг хулгайн мод бэлтгэл эзэлдэг аж. Сэлэнгэ аймагт хууль бусаар мод бэлтгэж худалдах, тээвэрлэх, аймгийн нутгаар дамжин өнгөрөхийг завдах зэрэг зөрчлүүд ихэвчлэн бүртгэгддэг аж.



Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-р бүлэгт заасан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2022 онд 16 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10 буюу 62.5 хувиар гэмт хэргийн гаралт өссөн байгаа нь Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн олон улсын чанартай автозамын хяналт шалгалт сайжирч бүлэг зохион байгуулалттай үйлдэгдэж байсан гэмт хэргийг илрүүлэн ажилласан. Хэргийн шийдвэрлэлтээр авч үзвэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт тав, Экологийн цагдаагийн албанд гурав хэргийг харьяаллын дагуу шилжүүлжээ.



Түүнчлэн уул уурхайн чиглэлээр 2020 оноос өмнө жилд дунджаар 25 орчим гэмт хэрэг үйлдэгддэг байсан аж. Экологийн алба байгуулагдсанаас хойш хяналтын постыг тодорхой цэгүүдэд тогтмол ажиллуулснаар 2-5 болж буурчээ. Аймгийн хэмжээнд зориулалтын том оврын техник ашиглаж байгаль орчинд хохирол учруулсан тохиолдол маш бага. Гол төлөв гар аргаар ашигт малтмал олборлох, газрын хэвлийд халдах төрлийн гэмт хэрэг, зөрчлүүд илэрдэг аж.


Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүднээс сэрэмжлүүлэг мэдээ, зурагт хуудас, иргэд хууль сурталчлах, нөлөөллийн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна гэв. арин 2023 оны эхний улирлын байдлаар экологийн асуудал хариуцсан байцаагчид энэ төрлийн 13 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэжээ. Энэ нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Хүрээлэн буй орчны эсрэг” зөрчил урд оны мөн үетэй харьцуулахад 5 зөрчлөөр их үйлдэгдсэн байгаа ч нийт зөрчлийн тавиас илүү хувь нь Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар бүлэгт заасан “ Нийтийн эдэлбэр газар хог, хаягдал хаясан” зөрчил ажээ.


Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт “Хүрээлэн буй орчны эсрэг” гэмт хэрэг, зөрчил үйлдэж Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт худалдан борлуулах, дамжин өнгөрөх, тээвэрлэх, хадгалах зорилготой үйлдэгддэг гэмт хэргийг илрүүлэх зорилгоор төв зам, хулгайн замуудад хяналт шалгалтаар 15 удаа, Замын цагдаагийн “Түшиг уул” хяналтын цэг дээр шөнийн цагаар ажиллаж хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг нэг, хууль бусаар ан агнах хоёр, зөрчил 13 илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хонгор сум хоёрдугаар баг ойн сан бүхий нутаг дэвсгэрт дөрвөн удаагийн хяналт, шалгалтаар ажиллахад зөрчил илрээгүй ажээ.


Түүнчлэн хяналтын пост тогтмол ажиллуулснаар ой хээрийн түймэр, нэн ховор, ховор ан амьтан агнасан, байгалийн ховор ургамал түүж бэлтгэсэн, экскаватор ашиглаж газрын хэвлийд халдсан болон байгаль орчин, экологид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бүртгэгдээгүй, урд эвдэгдэж хууль бус үйл ажиллагаа явагдаж байсан талбайд мод, бут, ургамал ургаж байгаа зэрэг эерэг үзүүлэлттэй байгаа талаар тайлан мэдээлэлд дурдлаа.
相关新闻