Б.Чимид: Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-04-04 14:56:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимидийн “Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир” ном уншигчдын хүртээл боллоо.

Энэ тухай Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч, гавьяат хуульч Ц.Оюунбаатар мэдээлэхдээ, “Манай байгууллага Монгол орноо ойжуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тариалах ажлыг дэмжих, хашаатай болон зуслантай айл өрхийг хүнсний ногооны хүлэмжтэй болгоход онцгой анхааран ажиллаж байна. Айл бүр зуны хүлэмжтэй болчихвол хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаж, илүүг нь худалдаалах боломжтой. Тиймээс өрх бүрийг зуны хүлэмжтэй болгоход нь дэмжлэг үзүүлэх зээлийн хөтөлбөр боловсруулах хүсэлтийг Засгийн газар, ХХААХҮЯ-нд өгсөн ч ямар нэгэн хариу ирээгүй. Гэсэн ч манай холбоо сум, аймаг бүрт хүлэмжинд хүнсний ногоо тарьдаг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллана” гэв.

Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор Б.Чимид “Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс 2030 он гэхэд тэрбум мод тарина гэсэн амлалт өгсөн. Үүний дагуу бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлж буй энэ цаг үед ойжуулалтын гарын авлага болсон “Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир” номоо олны хүртээл болголоо. Экосистемийн доройтлоос үүдэн зуд, ган гачгийн тоо нэмэгдэж, цөлжилт эрчимжсэн. Үүнийг шийдвэрлэх арга зам нь мод тарьж, ургуулах юм гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бид нэг тэрбум мод тарихад бэлэн үү гэвэл бэлэн биш байна. Мод тарихын тулд хэрхэн, яаж тарих, яагаад тарих ёстой талаарх иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Самар тарихад хуш мод, мойлын яс тарихад монос мод ургана гэдгийг мэдэх нь чухал. Хус улиас, нарс, гацуур, хуш модыг ялгахгүйгээр тэрбум мод тарих боломжгүй. Тиймээс мод тарьдаг хүмүүсээ бэлтгэх, хүүхдэд бага балчраас нь мод тарих талаар зааж өгмөөр байна. Нэг хүн 18 ширхэг мод таривал насан туршдаа амьсгалах агаараа “тарьж” байна гэсэн үг. Бүх цэцэрлэг, сургуульд болон төв суурин газруудад, аймаг сумдад жижигхэн мод үржүүлгийн газар байгуулах ёстой. Мөн Монголын бүх оршуулгын газрыг ойжуулах хэрэгтэй. Улаанбаатарыг тойрсон 20 орчим оршуулгын газар бий. Тэндээс хэчнээн их хорт хий ялгарч, ойр орчноо бохирдуулж байгаа гэж бодно. “Маргааш галав юүлэхийг мэдэж байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэдэг үг бий. Хот, суурин газар, тал хангай говь цөлөө ойжуулах, дэлхийн дулаарал, цөлжилт, экологийн доройтлын эсрэг тэмцэх, мод тарихад иргэн бүр оролцох ёстой” гэв.

Уг гарын авлагаас улиас, хайлаас, гацуур, нарс гэхчлэн манай улсад түгээмэл ургадаг моднуудын талаар мэдээлэл авах боломжтой аж. 

相关新闻