ДАРХАН-УУЛ: “Оюутан цэрэг” хөтөлбөрт 50 оюутан хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд 50 оюутан сонгон шалгаруулахаар болжээ.
Хөтөлбөрт хамрагдах оюутнууд нэгдүгээр дамжааны суралцагч байх бөгөөд сурлагын голч дүн, (2.8-аас дээш), бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур үзүүлэлт болгон сонгох ажээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан, суралцагч нь “Цэргийн ерөнхий бэлтгэл” хоёр багц цагийн төлбөрийг төлөх аж.
“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутнууд дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд иргэний үнэмлэх, 18 нас хүрсэн байх, дүнгийн голч 2.8 ба түүнээс дээш, сурлагын дүнгийн хүснэгт, цэргийн үүрэгтний үнэмлэх, 3*4 хэмжээтэй цээж зураг, сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэгт” хамрагдах зөвшөөрөл, оюутан цэрэгт мэргэжил олгох сургалтад хамралдахыг хүссэн өргөдөл, эрүүл мэндийн шинжилгээний хуудас, биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний дэлгэрэнгүй, цээжний зураг, зүрхний бичлэг, B,C вирус, БЗДХ-ын шинжилгээнүүдийг өгөх аж.
Бүртгэлд хамрагдсан оюутнуудыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд эмчийн үзлэгт хамруулж, биеийн тамирын шалгалт авч тэнцсэн оюутнууд 4 дүгээр сарын 8-наас 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад хамрагдана. Цаашлаад зургаадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад тус тус хамрагдах ажээ.
Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт хоёр багц цаг буюу 96 цагийн хичээлийг 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн бямба, ням гарагт аймаг, нийслэл,
дүүргийн Цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, тухайн их, дээд
сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран танхимын
сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны
сургалт 14 багц цаг буюу 560 цагийн хичээлийг зургаадугаар сараас эхлэн хоёр сарын хугацаатайгаар цэргийн анги,
байгууллагын сургалтын төвийг түшиглэн танхимын болон хээрийн дадлага,
сургуулийн хэлбэрээр зохион байгуулна. “Оюутан-цэрэг” сургалтын хөтөлбөрийг
бүрэн хангасан оюутан, суралцагч нь цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын
төгсгөлд “Цэргийн
тангараг” өргөх ажээ.