Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 5.3 их наяд төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-04 15:15:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (2.2 дахин) их наяд төгрөгөөр өслөө.


Үүнд уул уурхайн олборлолт 2.7 (2.8 дахин) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 145.4 (26 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн тойм мэдээлэлд тэмдэглэжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 2.2 (9.4дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 279.6 (24 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хүрэн нүүрс, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, газрын тос олборлолтын биет хэмжээ 20.6 хувиас 28.6 дахин өсөж, харин цайрын баяжмал, цэвэршүүлээгүй алт, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, төмрийн хүдэр өмнөх оныхоос 17.1-45.1 хувиар буурчээ.


Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, ус, ундаа, жүүс, гурил, металл бэлдэц, малын мах, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 24.7 хувиас 6.7 дахин өсөж, харин катодын зэс 99, цэвэр спирт, цагаан архи, янжуур тамхи, шохой, ноолууран сүлжмэл эдлэл, нүүрсэн шахмал түлш, самнасан ноолуур, амны хаалт, гар ариутгагч зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9–97.8 хувиар буурсан байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (2.2 дахин) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 3.5 (2.7 дахин) их наяд, боловсруулах салбарын борлуулалт 182.9 (26.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.5 (2.7 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 2.8 (9.1дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 461.1 (27.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Гадаад зах зээлд энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 5.1 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 57.7 хувийг нүүрс олборлолтын, 37.4 хувийг металлын хүдэр олборлолтын, 4 хувийг газрын тос олборлолтын, 0.9 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байв. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2023 оны 2 дугаар сард 255.6 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 63.6 нэгж хувиар өсжээ. 

相关新闻