ДАРХАН-УУЛ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-04 15:32:11

Дархан /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарыг улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сар болгон тэмдэглэдэг. Сарын аяны хүрээнд хийх ажлын талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Мэдээллийг аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Соёлтуяа, ҮЭХ-ны дарга Х.Батжаргал нар чиг үүргийнхээ дагуу болон хамтран хийх ажлын талаар мэдээлэл өгөв.



Хэвлэлийн хурлын эхэнд аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд хэлэхдээ, Аяныг үндсэн 3 чиглэлээр зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэв.  

Нэгдүгээрт, газар тариалан, мал аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагуудын хүрээнд хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгээр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон ААНБ-ын ХАБЭА-н ажилтнуудыг “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайтай танилцуулах ажлыг гэрээндээ тусган, сарын аяны хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Гуравдугаарт, энэ сарын аян “Эрүүл, аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор зохион явуулна. Энэ хүрээнд түншлэгч 3 байгууллага хамтран доох хуваарийн дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

2023.4.12-ны өдөр Шарын гол

2023.4.13-ны өдөр Хонгор

2023.4.14-ний өдөр Дархан /Залуучууд театрт/

2023.4.17-ны өдөр Орхон сум



Энэ хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, мэдээлэл өгөх, ХАБЭА-н салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй төсөл хөтөлбөрүүдийн сурталчилгааг хийх, төслүүдээ хүлээн авах, Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, ахмадын болон сэргээн засах үйлчилгээ гэх мэт бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллээр иргэдийг хангах, ортопед, протезыг нэхэмжлэхээр олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх ажээ.

Дархан-Уул аймгийн АОЭХ-ны тэргүүн Д.Соёлтуяа:

Сарын аяны хүрээнд ААНБ-д нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна. ХНХ-ын сайдын 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, ажилчдынхаа дунд ХАБЭА-н хууль тогтоомжийг таниулах хүрээнд АХА тэмцээн, мэтгэлцээн зэрэг тодорхой ажлуудыг зохион байгуулахыг уриалж байна. Нийгмийн түншлэлийн хүрээнд хамтын баг бүрэлдэхүүнээрээ зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэв.



Дархан-Уул аймгийн ҮЭХ-ны дарга Х.Батжаргал:

Үйлдвэрчний эвлэлийн хороод аяны хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу болон тусгай хөтөлбөрөөр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллана. Аймгийн ҮЭХ-ны шат шатны байгууллагууд ХАБЭАТХуулийн 26.2 дахь заалтыг ярьдаг.

Тухайн заалтад төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, ААНБ эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулахаар заасан байдаг. Энэ хуулийн заалтыг бүрэн төгс хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийхэд анхааран ажиллаасай гэж хүсэж байна гэв.

Төсвийн тухай хуулийн 8.1.1 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулж, жил бүрийн 4-р сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэхээр заасан байдаг. Тиймээс дээрх хуулийн заалтад тусгагдсан үйл ажиллагааны зардал төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан эсэхийг нягтлан хугацаандаа багтааж явуулах шаардлагатай байна.

ХАБ-ын салбар зөвлөлөөс ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт ААНБ-ын ХАБЭА-н ажилтнуудын судалгааг нарийвчлан шинэчлэн гаргахаар зорьж байна. Сарын аянд идэвхтэй оролцож ХАБЭА-г сайтар ханган, чандлан мөрдөхийг уриаллаа.

相关新闻