Ханш нээх өдрөөр хаваржаа, зуншлага ямар байхыг шинжиж иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн “Ханш нээх өдөр” өнөөдөр буюу хаврын дунд хөхөгчин туулай сарын шинийн 14-ний хоёр хар мэнгэтэй, харагчин могой өдөр Лхагва гарагт тохиож байна.
Ханш нээх гэдэг нь хаврын дунд сараас хаврын сүүл сар хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг, өөрөөр хэлбэл, хаврын уур орох өдрийн өмнөх 15 хоногийг хэлдэг аж. Энэ өдөр ханш нээж, ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж, хорхой шавж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс энэ өдөр муу үйлийг тэвчиж хийсэн буян арвижин дэлгэрэх, эрүүл саруул, эд баялгаар арвин байна гэж бэлгэшээдэг байна.
Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан
амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваржаа, зуншлага ямар байхыг шинжин
тодорхойлж иржээ. Тухайлбал, ханш
нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж
тааламжгүй болно хэмээдэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага, зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг
байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох
хорхой гэнэт олширч, энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн
зөгнөдөг байна. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас
шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал
тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.
Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг засахаас
гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм учраас унаганд нь уяашуулж,
дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж, өднөөс хөнгөн
сумнаас хурдан хүлэг болтугай хэмээн ерөөн, хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг
самнаж эхэлдэг аж.