ДАРХАН-УУЛ: “Иргэдийн индэр” уулзалтаар ахмадуудад төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-05 11:02:02

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар “Иргэдийн индэр” нээлттэй сонсголыг зохион байгуулж иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр нь болон хурдан хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн. Урд өмнө нь нийтийг хамарсан ерөнхий асуудлын талаар иргэд үзэл бодол, тулгамдсан асуудлаа илэрхийлж шийдвэрлүүлдэг байсан. Харин энэ удаад тодорхой бүлэг, зорилгын дор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, энэ сарын 7-ны 13.00 цагт “Иргэдийн индэр”-ийг “Ахмадаа сонсъё” нээлттэй уулзалт хэлбэрээр Залуучууд театрт зохион байгуулахаар болсон аж. 



Ахмадууд үзэл бодлоо илэрхийлж өөрт тулгамдсан болон нийгэмд болохгүй байгаа зүйлийг шийдвэрлүүлэхийн зэрэгцээ төрийн болон бусад байгууллагын үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой ажээ. Эрүүл мэндийн газар даралт хэмжиж сувилахуйн зөвлөгөө, эрт илрүүлэг үзлэгийн талаар мэдээлэл өгөх аж. Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэвэр, тэтгэмж, групптэй холбоотой мэдээлэл, хуулийн зөвлөгөө өгөх бол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, ортез, протезын хэрэгсэл, сонсголын аппарат, таяг зэргийг нэхэмжлэлээр олгох үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

Мөн “Ахмадын хөгжлийн төв” эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээ, тэгш хамруулах (боловсролын) сэргээн засах тусламж үйлчилгээ, нийгмийн хөгжлийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх аж. Улсын бүртгэлийн хэлтэс тоон гарын үсэг олгох бол аймгийн Засаг даргын Тамгын газар E-Darkhan, Ersdel, Иргэдийн индэр аппликейшний танилцуулга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зөвлөгөө, мэдээлэл, Захирагчийн ажлын алба, Дархан Ус суваг ХК, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК зэрэг байгууллага зөвлөгөө мэдээлэл хүргэж, гэрээ байгуулах үйлчилгээ үзүүлэн, иргэдийн санал гомдлыг хүлээн авч ажиллах ажээ.
.

相关新闻