ХААН банк хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкны системийн голлох таван
банкны нэг ХААН банк нээлттэй хувьцаат компани болохоор Монголын Хөрөнгийн
биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэллээ. IPO хийх хүрээнд нийт хувьцааныхаа 10 хувьтай
тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж
гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож,
нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Системийн голлох таван банкны 3 нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгоод байна.
Татан төвлөрүүлэх хөрөнгийг банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэх цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд тус тус зарцуулна гэсэн байна. ХААН банкны хувьцааг олон нийтэд арилжих анхдагч зах зээлийн арилжаа энэ оны 4 дүгээр сарын 13-19-нд Монголын Хөрөнгийн бирж дээр явагдана.
Ташрамд мэдээлэхэд арилжааны банкуудаас “Богд банк”
анхлан хувьчлагдаж, “Голомт” болон Төрийн банк хувьцаагаа олон нийтэд санал
болгосон.