Замын-Үүд боомтод барилгын материалын түргэвчилсэн лаборатори байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-06 16:00:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарт цар тахлын улмаас хил хаагдаж, худалдааг хязгаарласнаар материал хомсдож, үнэ өсөж байсан. Үүнийг дагаад барилгын салбарынханд болон төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэгч ААН, компаниудад багагүй бэрхшээл тулгарсан. 

Тэр үеийг бодвол өнөөдөр барилгын материалын үнэ тодорхой хэмжээгээр буурчээ. Тодруулбал, цар тахлын үед барилгын материалын үнэ 85 хувиар өсөж байсан бол өнөөдрийн байдлаар 20-30 хувь буурчээ. Жишээ нь, цар тахлын үед 3.3 сая төгрөг байсан арматурын үнэ 2.6 сая төгрөг болоод байна.

Энд манай улсын гол импортлогч БНХАУ “Тэг-Ковид” бодлогоо халж, хилээ нээснээр тээвэр ложистикийн хүндрэл багассан нь нөлөөлснийг "Барилгачин” группийн үүсгэн байгуулагч Г.Батсүх хэлж байна. Гэхдээ тээвэр ложистикийн орчин цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрээгүй байна.


Барилгын материалын ачих, буулгах зардал, ачааны галт тэрэгний олдоц бага учир үнэ тэр бүр буурахгүй байгааг өнөөдөр МҮХАҮТ-д болсон барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023”-д оролцогчид хэлж байна.

Үнийн хувьд орон сууцаар жишээ татахад цар тахлаар барилгын материалын үнэ нэмэгдсэн үед барьсан шинэ орон сууцны үнэ өссөн байх боловч энэ байдал нь хуучин барилгад нөлөөлөхгүй гэдгийг онцолж байна.


Манай улс 8.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсны 469.2 сая ам.доллар буюу 5.4 хувийг барилгын материал эзэлж байна. Монгол Улсын барилгын гол материалын 37 хувийг дотоодын үйлдвэрлэгч нар хангадаг. Энд тусгай зөвшөөрөлтэй 285 ААН үйл ажиллагаа явуулж байна.  


Үнийн өсөлт, бууралтаас гадна нөгөө талаар барилгын гол нэр төрлийн материалын чанарт түлхүү анхаарах хэрэгтэй байгааг чуулганаар хэлэлцлээ. БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Дамдинсүрэн, 2020 онд барилгын арматур импортлогч байгууллагыг шалгахад тонн тутамд 200 кг дутсан зөрчил илэрч байсныг мэдээллээ. Тиймээс барилгын материалын нийлүүлэлт, чанарыг тогтмол хянан, шалгаж байна гэв. Барилгын гол нэр төрлийн материалын чанарт түлхүү анхаарах хүрээнд Замын-Үүд боомтод барилгын материалын түргэвчилсэн лаборатори байгуулахаар ажиллаж байгаа аж.


Барилгын арматурын үнэ: 2020 онд 1.9 сая төгрөг, 2021 онд 3.3 сая төгрөг, 2023 онд 2.6 сая төгрөг.


Барилгын материалын худалдаа дундын зуучлагч нар болон хилийн наймаанаас салаагүй нөхцөлд чанаргүй материалын нийлүүлэлт хэвээр байна гэдгийг чуулганаар хөндлөө. Тиймээс төр, засгийн бодлогын түвшинд хяналтын тогтолцоо, эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай байгааг хэлэлцлээ.     

Ийнхүү өнөөдрийн чуулганаар барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, гарц шийдлийг ярилцлаа. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагад хүргэх юм.


Өнгөрсөн онд барилгын компаниудын төлөөллүүд нэгдэж, Засгийн газар, салбарын байгууллагад цаг үеийн хүнд нөхцөл байдлыг даван туулах талаар хандаж байсан. Тодруулбал, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан. Ингэснээр 634 төсөл, арга хэмжээний 301.2 тэрбум төгрөгийн үнийн зөрүүгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж чадсан. 


Тодруулбал, БХБЯ-
ны төсвийн багцад нийт 106 төсөл, арга хэмжээний барилгын материалын үнийн өсөлтийн магадлалын дүгнэлтээр баталгаажсан 40.2 тэрбум төгрөгийг тусгаснаас 11.02 тэрбум төгрөгийн материалын үнийн зөрүүг олгосон юм. Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд барилгын чанарт анхаарч, газар хөдлөлтөд тэсвэрлэх норм стандартыг баримталж ажиллах, хүний нөөцийг чадавхжуулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлэлцлээ

相关新闻