Б.Энх-Оргил "ONE championship" тэмцээний анхны тулаанаа Филиппиний Адонис Севилленотой хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил Тайландын нийслэл Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд 4 дүгээр сарын 21-ний өдөр Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой тулалдахаар боллоо.
"Steppe Arena"-Мөсөн өргөөд 2022 оны 11 дүгээр сарын 26-нд болсон "ONE championship" холбооны "Road to ONE-Mongolia" холимог тулааны тэмцээнд ялалт байгуулж, "ONE championship" холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргилын дэлхийн холимог тулааны хамгийн том дэвжээ болох "ОNE Championship"-ийн рингэнд өрсөлдөх анхны тоглолтын тов ийнхүү гарчээ.
Тайландын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини цэнгэлдэх хүрээлэнд болох "ONE Fight Night-9" арга хэмжээний үеэр Б.Энх-Оргил олон улсын дэвжээнд анхны тулаанаа хийх юм байна.
"Road to ONE-Mongolia" тэмцээний аварга, 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч Филиппинд зохиогдсон "ONE Warrior Serio"s тэмцээний аварга, Арслан хочит, 29 настай Адонис Севиллено сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ. Адонис Севиллено нь Филиппины олон шилдэг тамирчдаас шалгарч, манай тамирчинтай адилхан гэрээгээр шагнуулсан юм.