ДАРХАН-УУЛ: “Иргэдийн индэр” уулзалтад 400 гаруй ахмад оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга болон төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хамруулан, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулдаг “Иргэдийн индэр” нээлттэй уулзалт энэ сарын 7-нд боллоо.
Энэ удаа зөвхөн ахмадуудад зориулан тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонсож, зарим асуудлыг тухайн цаг үед шийдвэрлэсэн бол цаашид хэрэгжих төсөл хөтөлбөр, бусад ажлын талаар нэгдсэн мэдээлэл өгөв. Нэг ахмад таван минутад багтаан өөрт тулгамдсан болон бусад санал, шүүмжлэлийн талаар саналаа илэрхийллээ.
Хөрсний бохирдлоос сэргийлэхэд анхаарч ажилладаг ч түүнийгээ улам үр дүнтэй болгож эрчимжүүлэх шаардлагатай байна гэв. Учир нь дулааны улирал ирж хөрсөнд шингэсэн бохирдол агаарт тархах, халдварт өвчин үүсэх магадлалтай учир нэмж нүхэн жорлон байгуулахгүй, одоо буй нүхэн жорлонтой гэр хорооллуудын айл өрхүүд өөрсдөө ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг уриаллаа. Мөн архидалтын эсрэг ажил зохион байгуулж, тамхины хэрэглээнд хяналт тавих боломжтой эсэхийг ч тодрууллаа. Учир нь сурагчид электрон тамхи татах нь нэмэгдсэн. Тиймээс архи, тамхины эсрэг кампанит ажил зохион байгуулах хэрэгтэй, ахмадууд өөрсдийн боломжоороо дэмжин оролцоно гэв.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмадуудад зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх, зарим багийн төвд ахмадын төвийн байр барих, спортын уралдаан тэмцээнд оролцдог ахмад тамирчдад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй хэвтрийн ахмадуудад тавих халамжийг сайжруулах тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаар зарим ахмад бичгээр саналаа асууж, холбогдох албаны төлөөллөөс газар дээр нь хариултаа авлаа.
Ахмадуудын асуултад холбогдох байгууллагуудын удирдах ажилтнууд хариулт өгөхөөс гадна аймгийн засаг дарга Б.Азжаргал зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, хугацаат үүргийг хэлтэс, газруудад өгөхийн зэрэгцээ зарим санхүүжилт, орон сууцны асуудлын талаар тодорхой хариулт өглөө.
Тухайлбал, ахмадын түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой эсэх асуултад: Дархан сумын 15 дугаар багт 8-10 мянган айлын Залуус I, II хорооллыг байгуулахаар 103 га газрыг төлөвлөсөн. Энэ жил дэд бүтцийг татна. Ирэх жилээс барилгын ажил эхэлнэ. Энд ахмадууд орох боломжтой. Дэд бүтэц хийсний дараа барилгын компаниудад санал хүргүүлж нэгдсэн уулзалт зохион байгуулна. Тухайн үед хөнгөлөлттэй, түрээсийн, төлбөрийн нөхцөл уян хатан, ахмадуудад зориулан барилга барих боломжтой эсэх талаар санал тавьж шалгарсан тохиолдолд барилгын ажлыг шууд эхлүүлнэ.
Тиймээс зөвхөн Залуус хорооллын нэрэнд ач холбогдол өгөх бус бүх насныхан тухайн хороололд амьдрах боломжтойг онцоллоо.
Эрүүл мэндийн салбарт зарим ахмад шүүмжлэлтэй хандаж буйд Засаг дарга санал нэгтэй байлаа. Уялдаа холбоогоо сайжруулахын зэрэгцээ аймгийн ЗДТГ, Ахмадын хөгжлийн төв, Ахмадын хороо, Нэгдсэн эмнэлэг хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэн, харж хандах хүнгүй, хэвтрийн өвчтэй ахмадуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг ирэх сард зохион байгуулахаар боллоо. Тухайн үед зөвхөн эрүүл мэндийн бус төрийн үйлчилгээг өөрийн биеэр очиж авч чадахгүй байгаа асуудалд ч анхаарлаа хандуулна гэв.
Мөн “Жаргалтай амьдрал төв”-ийг байгуулан, “Хөдөлмөр” зусланг ажиллуулан архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан 20 цахилгаан автобусыг ажиллуулах тендер зарласан бол Тосгоны халуун усны төвийг засварлах 230 сая төгрөг Сангийн сайдын багцад суусан ажээ.
Санал, шүүмжлэл, асуулт асуусан ахмад бүр өөрийн хариултаа авлаа.
“Иргэдийн индэр”-ийн үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнээс гадна төрийн бүх шатны байгууллагууд нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ.