ДАРХАН-УУЛ: "Жендэрийн сургагч багш” бэлтгэх сургалт хоёр өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-12 14:55:06

Дархан /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын хүн амын сан хамтран “Жендэрийн сургагч багш” бэлтгэх сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж байна.  Энэхүү сургалт нь бүсийн хэмжээнд өрнөж буй бөгөөд цаашид бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх үйл ажиллагаа нь Дархан-Уул аймгаас эхэлж байгаа аж. Орон нутгийн чадавхыг бэхжүүлэх сургалтад зургаан аймгийн 29 төрийн албан хаагч хамрагдаж байна. 



Жендэрийн үндэсний хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд орон нутагт 105 сургагч багш бэлтгэх төлөвлөгөөтэй аж. Дөрвөн аймагт бүсчилсэн хэлбэрээр сургалт зохион байгуулж аймаг тус бүрээс дөрвөн багш бэлтгэх зорилготой. Энэхүү багш бэлтгэх үйл ажиллагаа нь орон нутагт хэрэгжүүлж буй анхных юм.


2020 оноос эхлэн үндэсний сургагч багш бэлтгэж, өдгөө 200 гаруй сургагч багштай болсон. Үүнээс  76 багш нь орон нутгаас  хамрагдан бэлтгэгджээ.


Жендерийн үндэсний хороо нь 21 аймаг, нийслэл, дүүрэг, салбарын яамдад 45 салбар хороотой аж. Тэдгээрт ажиллаж буй асуудал хариуцсан мэргэжилтнүүд орон тооны бус байдаг. Эдгээр орон тооны бус ажилтнууд жилийн эцсийн хуулийн хэрэгжилтийн тайлан, хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хариуцдаг бөгөөд ажлын ачаалал их байдаг гэж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр хэллээ.



Мөн орон тооны бус ажилтнууд олон ажил хавсарч хийдэг тул мэргэжилтнүүдэд зориулан аймаг бүрийн ЗДТГ-т дэмжих баг бэлдэж байна гэж ойлгож болно. Сургагч багш нар өөрийн аймагтаа очиж жендэрийн асуудал хариуцаж буй мэргэжилтнийхээ тайлан, бичиг, маягтуудаа бөглөх, сургалтууд зохион байгуулах, бодлого хөтөлбөр бичих тэдгээрийн төсөв төлөвлөлтөд тусгах асуудалд дэмжих баг болж ажиллана гэв.

Орон нутгийн сургагч багш нар зөвхөн Улаанбаатар хотод очиж арга зүйн зөвлөгөө, техникийн дэмжлэг авахаас илүүтэй тухайн бүс нутагт нь хүний нөөцөө чадавхжуулах нь чухал, үр дүнтэй учраас бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй гэдгийг тэрбээр онцоллоо.



Дархан-Уул аймгийн Жендэрийн салбар хороог 2016 онд анх байгуулсан. 2022 оны 12 дугаар сарын 15-нд аймгийн Засаг даргын 01-А/342 дугаар захирамжаар тус хороог шинэчлэн 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж дүрмээ шинэчлэн баталсан аж. Салбар хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, салбар дундын стратеги төлөвлөгөө”-г 2023-2025 онд хэрэгжүүлэхээр дөрвөн зорилт 22 ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд дараах ажлуудыг хийсэн аж.


Үүнд: Өсвөр үеийнхнийг чадавхжуулах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх “Өсвөрийн парламент” бүлгэмийн тэргүүлэгч 30 сурагчид жендэрийн талаарх ойлголтыг өгч сургагч багшийг бэлтгэсэн. Ингэснээр өсвөр үеийн сурагчид үе тэнгийнхэндээ жендэрийн талаарх ойлголтыг өгөх мэдлэгтэй болсон.

Жендэрийн тайлан гаргадаг төрийн байгууллагын албан хаагчдыг хамруулсан сургалтыг жендэрийн үндэсний хороотой хамтран зохион байгуулсан.

Улсын хэмжээнд өрнөсөн “Анзаар” аянд нэгдэн нөлөөллийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Цаашид Иргэний нийгмийн байгууллага”-ын оролцоог нэмэгдүүлж, чадавхжуулах, эрэгтэйчүүдийн кабинетын үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж боловсон хүчнээр хангах, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сарын аяныг зохион байгуулахаар стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ажээ. 

相关新闻