ОХУ Монголын бүтээгдэхүүний гаалийн татварын хөнгөлөлтийг шийдвэрлэхээр ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ стандартын шаардлага хангасан Монголын бүтээгдэхүүний гаалийн татварын хөнгөлөлтийг
шийдвэрлэхээр ажиллаж байна. Энд
арьс шир, ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн орж байна. Энэ талаар Монгол
Улс дахь ОХУ-ын худалдааны
төлөөлөгч Максим Васильев
МҮХАҮТ-ын удирдлагуудтай уулзах үеэрээ мэдэгдлээ.
Уулзалтаар энэ оны 6
дугаар сарын 8-10-нд Улаанбаатар хотноо болох “Монгол, БНХАУ, ОХУ-ын Худалдаа аж, үйлдвэрийн
Танхимуудын Худалдаа, эдийн засгийн нэгдсэн XVI
чуулган" болон ОХУ-д
зохион байгуулах Залуу инженерүүдийн техник, шинжлэх ухааны үзэсгэлэн, мөн "ИННОПРОМ-2023" олон улсын аж
үйлдвэрийн үзэсгэлэнд хоёр талын төлөөллийг оролцуулах талаар санал солилцлоо.
Гурван улсын
“Худалдаа, аж
үйлдвэрийн
Танхимуудын худалдаа, эдийн засгийн нэгдсэн XVI чуулган”-ы үеэр зохион байгуулах “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2023”
олон улсын үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын холбогдох албан тушаалтнууд, ААН-үүд оролцохоо илэрхийлжээ. Мөн энэ оны 4 дүгээр сард ОХУ-ын Краснодар хотод болох
Залуу инженерүүдийн техник, шинжлэх ухааны олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас инженер залуусыг оролцуулах, 7 дугаар
сарын 10-13-нд мөн ОХУ-ын Екатеринбург
хотноо болох олон улсын "ИННОПРОМ-2023" аж үйлдвэрийн үзэсгэлэнд Монголын
томоохон компани, ААН-үүдийг
оролцуулах талаар ярилцлаа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин гурван улсын “Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулган”-ыг цар тахлын дараа зохион байгуулж буй учир оролцогч талуудын хүлээлт өндөр байгааг онцлов. Энэ удаагийн чуулган тээвэр логистик, чөлөөт бүс, худалдааг хөнгөвчлөх талаар хөндөнө гэв. Энэ үеэр мөн зохион байгуулах бизнес уулзалтаар Монголын тал эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах төслүүдээ танилцуулах нь. Чуулганы үеэр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Бизнесийн зөвлөл байгуулахаа саналаа илэрхийлнэ гэв.