ДАРХАН-УУЛ: Монголын анхны “Дүүжин гүүр” Дархан хотод бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн тулгуур төв гэгдэх Дархан хот жилээс жилд өргөжин тэлж, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө Дархан хотын бүтээн байгуулалтыг үзэж сонирхохоор дотоодын жуулчид ирдэг байсан бол одоо амьдрахад хамгийн таатай хот хэмээн шилжин ирсээр. Бүтээн байгуулалт дотроо шинэ, хуучин Дарханы дундах “Дүүжин гүүр”-ийг үзэж сонирхох хүмүүс 2008 оноос хойш одоог хүртэл үргэлжилсээр байна.
Залуусын хотод өнгө нэмж, улсдаа анхдагч болсон энэхүү бүтээн байгуулалт гурван сар гаруй хугацаанд баригдаж ашиглалтад оржээ. Хуучин, шинэ Дарханы хооронд орших хойд зүгийн Бурхан багшийн сэрэг дүр, Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн “Морин хуур” цогцолбор баруун, зүүн ууланд бий. Уг хоёр бүтээн байгуулалтыг холбох зорилгоор гүүр барих санаачилгыг тухайн үеийн орон нутгийн удирдлагууд шийдвэрлэсэн аж.
Ингээд Монгол Улсын анхны дүүжин гүүр барих зураг төслийг уран барилгач Ч.Пүрэвдорж гаргаж гүйцэтгэлийг БНХАУ-ын Жи-Лин хотын “Лихуа зам гүүр байгууламж” ХХК 2008 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхэлж тухайн оны долоодугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулж, хүлээлгэн өгчээ.
Гүүрийн нийт урт нь 110 метр, өргөн нь дөрвөн метр бол өндөр нь 16 метр аж. Ийнхүү улсынхаа анхдагч болсон дүүжин гүүрийг үдэш өнгө, өнгийн гэрлээр чимж зорин ирсэн, дамжин өнгөрч буй иргэдийн нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөсөөр байна.
Дүүжин гүүр барьснаас хойш дөрвөн жилийн дараа дунд хэсгээс “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн рүү шууд орох гүүрэн шат барих санаачилгыг тухайн үеийн аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат гаргажээ. Нутгийн иргэд зарим нь зөв зүйтэй санал хэмээн дэмжиж байсан ч нэг хэсэг нь төсвийн мөнгө төмөр босгоход үрэх санаачилга гаргалаа гэх эсэргүүцэлтэй тулгарч байжээ.
Гэвч иргэдийн амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэхэд зориулсан, автозам хөндлөн гарахгүйгээр шууд цэцэрлэгт хүрээлэн рүү орох зориулалттай гүүрэн шат барих санаачилга олонхын дэмжлэг авч барилгын ажил 2012 оны аравдугаар сарын 15-ны өдөр эхэлжээ. Баганын суурийн цутгалтын ажлыг “Дулаан Богд хайрхан” ХХК гүйцэтгэсэн бол угсралтын ажлыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Төмөрлөгийн үйлдвэрийн салбар зам гүүрний компанийн инженер, угсралтын ажилтнууд гүйцэтгэжээ.
Нийт 21 баганатай, урт нь 178 метр, өргөн нь 2.5 метр, төв хэсэгт зорчигчид амарч суух зориулалттай дөрвөн метр өргөн хэсэгт сандал, хогийн сав байрлуулсан аж. Иргэдийг төмөр ган хийцийн гүүрэн шатаар зорчих явцдаа халтирч, унахаас сэргийлж шаланд резин дэвсэж өгчээ.
Энэхүү гүүрэн шат ашиглалтад орсноор иргэд Бурхан багшийн сэрэг дүр, Морин хуур цогцолборыг үзэж сонирхоод дүүжин гүүрээр алхан дунд хэсгээс нь шууд гүүрэн шатаар уруудан “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн рүү орох боломж бүрдсэн. Аюулгүйн тойргийн автозамын дээгүүр барьсан тул иргэд дээрх гурван газрыг үзэхийн тулд зам хөндлөн гарах шаардлагагүй болсон.
Шүүмжлэл дагуулж байсан уг бүтээн
байгуулалт өдгөө иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан, нөгөө талаас зорчих
хөдөлгөөнд саад учруулахгүй, амь нас,
эрүүл мэндийг хамгаалсан бүтээн байгуулалт болсон гэж иргэд тухайн үеийн орон
нутгийн удирдлагууд болон гүйцэтгэгчдэд талархсанаа илэрхийлж байжээ.