ЗАВХАН: Шар усны үерээс сэрэмжлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд дулаарч уулын цас хайлах
төлөвтэй байгаа тул томоохон голуудад халиа гүйж байгаа бөгөөд цаашид усан зах
үүсэн мөс задарч, мөс хэврэгших тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав.
Хангайн нуруунаас усжих Богд, Буянт, Дээд-толгой, Хожуул,
Идэр Их-Уул, Хар нуур, Ойгон нуур битүү мөсөн бүрхүүл харзтай мөсний зузаан 12-65
см байна. Харин Тэс, Хүнгүй, Завхан, Чигэстэй голын мөсний зузаан 40-64 см,
битүү мөсөн бүрхүүл харзтай байна. Яруугийн гол, Идэр голын мөсний зузаан 0-12
см байна. Гэсэн хэдий ч зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45
см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшиж байгаа тул мөсөн дээгүүр явах болон
авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх. Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх. Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Завхан аймгийн тухайд, шар усны үерийн эхлэх хугацаа нь
Хангайн нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар
дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт ус хурах талбайн ихэнх нь 2500м-ээс дээш
өндөрт хамрагдаж, тавдугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана.
Харин энэ жилийн хувьд 4 дүгээр сарын урьдчилсан мэдээнээс ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд тухайн үеийн цаг агаарын эрс дулааралтаас шалтгаалан голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр урсах зэрэг үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдана.
Улмаар цөнгийн хахаа үүсэж, ус эргээсээ халин эрэг орчмын газар нутаг усанд автах эрсдэл үүснэ.
Иймд голуудын сав газар нутаглаж буй иргэд,
үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг үер усны аюулаас
сэрэмжтэй байхыг аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний
төвөөс анхааруулав.
Монгол орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл 3 дугаар сарын сүүлийн 10 хоногт эхэлж усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл ажиглагдан урин дулаан цаг ирж, агаарын температур дулаарч байна.
Гол мөрөн 4 дүгээр сарын сүүлийн 10 хоногт мөснөөс бүрэн чөлөөлөгддөг. Харин энэ жилийн хувьд гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа олон жилийн дунджаас 5-20 хоногоор эрт ажиглагдсан ба хаврын мөсний үзэгдэл ихэнх газраар олон жилийн дунджаас 5-30 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна.
Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхээр,
голын дунд ба адгаар гуравдугаар сарын сүүлийн арав хоногт эхэлж, дөрөвдүгээр
сарын сүүлийн арав болон тав дугаар сарын эхний арав хоногийн хооронд ихэнх гол
мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө.
Хаврын шар усны үерийн тухайд олон жилийн ажиглалт хэмжилтээс харахад Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан голуудад 4 дүгээр сарын эхний 10 хоногт эхэлж, 5 дугаар сарын эцсээр үндсэндээ дуусдаг бол Монгол алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган голын хувьд шар усны үер өндөрт орших мөсөн гол, мөнх цастай уялдан 8 дугаар сарын дунд үе хүртэл ажиглагддаг аж.
/Зарим гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацааг ус судлалын харуул орчмоор гарган хүснэгтэд үзүүлэв./