ДАРХАН-УУЛ: Өнгөрсөн онд өсвөр насны 13 охин үр хөндүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дэлхий даяар жил бүр 15-19 насны 21 сая охид жирэмсэлж үүнээс 57 хувь нь амарждаг ажээ. Судалгаагаар охид төрсний дараах сэтгэл гутрал 25 настай эмэгтэйтэй харьцуулахад хоёр дахин их тохиолддог аж. Мөн дэлхийн хэмжээнд ижил насны ээж болоогүй охидтой харьцуулахад амиа егүүтгэх эрсдэл нь илүү их байдаг ажээ.
Өнгөрсөн жилийн тухайд Дархан-Уул аймгийн хэмжээнд хийсэн судалгаагаар 15-19 насны жирэмслэлт 69, үүнээс үр хөндүүлсэн 13 тохиолдол бүртгэгджээ. Жирэмслэлтээс шалтгаалж амиа хорлосон тохиолдол бүртгэгдээгүй ч найз нөхдөөсөө ичих, өөрийгөө тусгаарлах, нийтэч бус ганцаараа байх, сэтгэл гутралд орох тохиолдлууд илэрдэг аж.
Монгол Улсад жилд дунджаар 80 мянган төрөлт бүртгэгддэг бол үүний таван хувь нь өсвөр насны жирэмслэлт эзэлдэг. Эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа илүү сайжруулахгүй бол, нөхөн үржихүйн асуудлаар нээлттэй ярилцаж, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол өсвөр насны охидын жирэмслэлт нэмэгдэж түүнээс үүдэн эрсдэл бий болно гэдгийг эмч зөвлөж байна.
Өсвөр насны ээжүүд 20-24 насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад халдварт өвчин умайн салслаг давхаргын үрэвсэл, манас таталт болох магадлалтай, эрүүл мэндэд учрах эрсдэл өндөр байдаг аж. Нөгөөтээгүүр өсвөр насны хүүхэд жирэмслэх нь бие махбодын хувьд бэлтгэгдээгүй байдаг.
Түүнчлэн сургууль засвардах, санхүүгийн дарамтад өртөх энгийн мэт хүндрэлүүд эхлэх бол эхийн эндэгдэл, дутуу төрөх, амьгүй төрөлт болон биед илрэх эрүүл мэндийн эрсдэлүүд нэмэгддэг ажээ.