ХӨВСГӨЛ: Б.Чингүнжавын хөшөөг угааж цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-17 10:22:42

Мөрөн  /МОНЦАМЭ/.  Олон улсын хөшөө дурсгал хамгаалах өдрийг угтан Хөвсгөл аймгийн залуус хамтран Хотгойдын баатар Б.Чингүнжавын хөшөөг угааж, хөшөөний чулуун дээр зурсан зураг, бичсэн бичээс, тоос шороо зэргийг бүрэн цэвэрлэлээ.


Б.Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг 2010 онд тэмдэглэн түүний хөшөөг Мөрөн хотын төв талбайд босгосон.

Манжийн дарлалыг эсэргүүцэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчийн нэг бол Хотгойдын баатар шадар ван Чингүнжав юм. 


Хотгойдын шадар ван Чингүнжав нь 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн. Чингүнжав эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйл зэргийг залгамжилж, Хотгойд хошууг захирах болжээ. Энэ үеэр Ар халх манжийн эрхшээлд бүрэн орсон байв. Чингүнжавын дээд өвөг Чингис хааны удмын хиад боржигон овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсанз жалайр хун тайж байсан аж. Манжууд Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагтхан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдалгүй Манжийн эсрэг тэмцэж байжээ.



Шадар ван Чингүнжав Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргаж байжээ.

Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн, Халхын бүх ноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгасан байна.

1757 оны нэгдүгээр сарын 17-ны үүрээр Чингүнжав бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригдаж, түүнийг хоёр хүү болон түүний гэр бүлийнх нь хамт Бээжинд цаазлан хөнөөсөн ажээ.

 

 

相关新闻