Зарим нутагт салхи секундэд 34 метрээс илүү хүчтэй салхилж, шороон шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-04-17 14:46:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун, хойд хэсгээр салхи секундэд 24-28 м, зарим үед секундэд 34 метрээс илүү хүчтэй салхилж, шороон шуурга шуурна.


Мөн энэ шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, нөгөөдөр төв, зүүн, говийн аймгийн нутгаар, дөрөвдүгээр 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатайг ЦУОШГ-аас сэрэмжлүүлэв.


Шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, онц шаардлагагүй бол замд гарахгүй байхыг зөвлөж байна. Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас сэргийлж, малаа ойр бэлчээрт хариулах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

 

相关新闻