ДОРНОГОВЬ: Хамгийн олон хүүхдийн хүйн ээж Хөдөлмөрийн баатар Чимэдийн Дүгэрээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн ажил хөдөлмөр, амжилт бүтээлээс цувралаар танилцуулж байна.
Хөдөлмөрийн баатар эмч Ч.Дүгэрээ 1924 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Гурван хөвсгөлийн нуруунд Чимэдийн ууган охин болон төржээ. Тэрбээр сумын бага, дунд сургууль төгсөн, Хөвсгөл сумын хүн эмнэлэгт 15 настай бяцхан охин асрагчийн ажилд оров. Охин эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, авхаалжтай. Багаасаа няхуур нямбай ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан, эмч болох сэтгэлтэй нь танигдаж тус суманд түр үзлэгээр ирсэн орос эмч Шаркиачкагийн хараанд өртөв.
Мөнөөх орос эмч томилолтын хугацаа дуусаад явахынхаа өмнө энэ охиныг эмнэлгийн сургуульд явуулж мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхийг эмнэлгийн удирдлагад зөвлөснөөр Дүгэрээ охины ажил амьдралын нэгэн шинэ гараа эхэллээ. 1939 онд Улаанбаатар хотын сувилагчийн сургуулийн эх баригчийн курст амжилттай суралцан төгсч улмаар залуухан эх баригчийг Даланжаргалан сумын хүн эмнэлгийн хамт олон гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж.
Мөн удалгүй Айлбаян, Хатанбулаг суманд эх баригчаар ажиллаж байгаад 1954 оноос Сайншанд хотын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шилжин ирж эх баригчаар ажиллав. Сургууль төгсөж эх баригчаар ажиллаж байх хугацаандаа 8500 гаруй хүүхдийг эх барьж, тэдний авсан ээж болжээ. Түүний эх барьж авсан олон хүүхэд эх орондоо нэр төртэй өндөр албан тушаал хашиж, нэлээд нь түүний мэргэжлийг өвлөн, хүн ардын эрүүл энхийн манаанд хүчин зүтгэж явна.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор хоёр удаа, хөдөлмөрийн хүндэт медаль, ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медалиар шагнан урамшуулж байсны дээр 1976 онд Хөдөлмөрийн баатар хэмээх нэр хүндтэй шагналаар шагнажээ.
Эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилчдын дундаас хөдөлмөрийн баатар эмч, эмнэлгийн ажилчид
цөөхөн байдгийн нэг нь говь нутгийн бахархалт эх баригч, эмч Ч.Дүгэрээ билээ. Дүгэрээ эмчийн хөдөлмөр алдрыг мөнхөлж Сайншанд хотод баригдсан Төрөх эмнэлгийг түүний
нэрэмжит болгосон юм.