ӨМНӨГОВЬ: Газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн-2023” үйл ажиллагааг Даланзадгад хотод 2023 оны 4 дүгээр 17-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг газар тариалан эрхлэгчдэд хүргэх, цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.
Зөвлөгөөнд ХХААГ болон БОАЖГ-ын мэргэжилтнүүд, 15 сумын газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүмүүс хамрагдлаа.
Газар тариалангийн салбарт Засгийн
газраас авч хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт, хөдөө аж ахуйн салбарын
хөгжлийг дэмжих, аймгийн бодлого чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, аймгийн ХАА-н
салбарын өнөөгийн байдал, зорилт, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг сэдвээр
2 өдрийн турш газар тариалан эрхлэгчдэд мэдээлэл өгч, сургалт хийлээ.
Булган сумын газар тариалан эрхлэгч Х.Базарчулуун
Удахгүй газар тариалангийн ажил эхлэх гэж байна. Үүнтэй уялдуулан газар тариалан эрхлэгч иргэдийг хамруулсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Манай аймаг өнгөрсөн оны хувьд үр дүн өндөртэй ажилласан байна. Манай Булган суманд 50 гаруй хүлэмжээр ногоо тариалдаг. Энэ жилийн хувьд 30 хүлэмжийг нэмж байршуулж тариалалтад бэлтгэхээр ажиллаж байна. Газар тариалан эрхлэгчдийн хамгийн эхэнд хийдэг зүйл бол үрсэлгээний ажил байдаг. Бид үрсэлгээгээ цаг агаарын байдлыг харгалзан үзээд хамгийн тохиромжтой цаг үеийг сонгон эрт эхлүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Цогтцэций сумын газар тариалан эрхлэгч С.Буянтогтох
Би Цогтцэций суманд "Энержи ресурс" ХХК-ийн ойн хамгаалалтын талбайд хүнсний ногоо тариалдаг. Өөрийн
эзэмшлийн хашаандаа 2 хүлэмжтэй. Энэ удаагийн газар тариалангийн чиглэлийн
сургалт зөвлөгөөнд оролцлоо. Тус зөвлөгөөнөөс ногооны талбайгаа хэрхэн
тариалалтад бэлдэх, хортон шавьжаас яаж хамгаалах вэ зэрэг олон талын
мэдээллийг олж авч байна. Энэ нь цаг үеэ олсон үр дүнтэй сургалт зөвлөгөөн боллоо
гэж би хувьдаа бодож их талархлаа. Хамгийн чухал нь чанартай ногооны үрнүүд
болон ургамал хамгааллын хэрэгцээт бодисуудыг танилцуулж борлуулж байгаа
нь газар тариалан эрхлэгч бидэнд амар үйлчилгээ байна.