ЗАВХАН: Театрын барилгад 4.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-19 14:21:46

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын ажил 12 дахь жилдээ үргэлжилж байна.

Завхан аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/17 тоот захирамжаар иргэд, иргэний нийгмийн төлөөлөл, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн оролцоотой хяналтын ажлын баг ажиллаж байгаа.

Энэхүү хяналтын ажлын хэсэг нь аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгуудын үйл явцтай танилцаж бодит дүгнэлт өгөх. Санал зөвлөмж гаргах улмаар аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой юм.

Аймгийн иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа Хөгжимт жүжгийн театрын барилгын гүйцэтгэлийн явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллага болон захиалагч байгууллагуудтай санал солилцох уулзалтыг ажлын баг хэд хэдэн удаа зохион байгуулсан.



Хөгжимт жүжгийн театрын барилга нь 2011 онд 1987 онд батлагдсан театрын барилгын зургаар эхэлж, 2011-2012 он хүртэл барилгын суурь болох 1.2 давхрын хэсгийг барьсан боловч, 2013-2017 онд Шинэчлэлийн Засгийн газрын бодлогоор царцсан ажээ. Ингээд 2018 оноос эхлэн улсын төсөвт жил бүр тодорхой санхүүжилтыг суулгаж явсаар өнөөдрийн байдлаар нийт 14,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлыг 75 орчим хувьтай хийсэн байна.


Тус барилгын төсвийн ерөнхийлөн захирагчаар Соёлын яам харин захиалагчаар аймгийн Засаг даргын тамгын газар, гүйцэтгэгчээр "ЭЛ БИ СИ ДИ" ХХК ажиллаж байна. Харин барилгын гүйцэтгэлийн явцад 2013 онд Төрийн Аудитын хяналт, Улсын Мэргэжлийн хяналт, Барилгын зураг төсвийн хяналтын байгуулагууд зэрэг холбогдох байгууллагууд барилгын чанарт явцын хяналт хийсэн байна.


Барилгын ажлыг гүйцэтгэгч компани 8 жилийн хугацаанд барилгын гадна пасад, дээвэр, цонх, агааржуулалтын систем зэрэг ажлыг хийжээ. Гэвч батлагдсан зураг төсөлд барилгын дотоод засал, тайз интерьер, үзэгчдийн сандал гэх мэт тусгай зориулалтын ажлууд тусгагдаагүй учир нэмэлтээр 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүсэж байгаагаа ажлын багт танилцуулжээ.


Ажлын баг бодит байдлын мэдээлэл, санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, нэн яаралтай зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Мөн улсын төсвийн хөрөнгөөр барьж буй бусад барилга, барилгын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах ажлыг хийнэ гэж аймгийн ИТХ-ын ажлын хэсгээс мэдээлэв. 

相关新闻