Төлөвлөлтгүй тавьсан замуудыг холбох нь түгжрэлээс гарах нэг гарц

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-20 14:22:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн захиргаа, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.


Нийслэлд хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хотын асуудлыг, тэр дундаа нийслэл хотын замын хөдөлгөөн, түгжрэлийн гарц, шийдлийг бид хоорондоо уялдуулж байж, асуудлыг харах өнцөг, хандлагаа өөрчилж, хамтдаа ажиллаж байж шийднэ гэдгийг уриалсан юм.


Тэрбээр, "би өнөөдөр нэг их том хурдны зам тавих тухай, метр барих тухай ярих гээгүй. Засгийн газрын тэргүүний хувьд өнөөдөр юу хэлж чадах вэ гэвэл, хэрэв бид хоорондоо хандлагаараа нэгдэж холбогдож чадвал Улаанбаатарын түгжрэл нэг жилийн дотор байхгүй болно. Бидний өнөөдрийн асуудлын концепц ийм маш энгийн юм гэдгийг тодотголоо. Нийслэл хот нэг тойрог замтай байх биш, манай дүүрэг, манай энэ хавийн газар тойрог замтай байх ёстой хэмээн явж ирсэн хандлагаа өөрчилье" гэв.


Улаанбаатар хотын хүндрэлтэй асуудал бүрийг зөвхөн нийслэлийн асуудал гэж үзэхгүй, харин олон талт цогц асуудал гэж үзэж буйгаа тэрбээр тайлбарласан юм. Засгийн газраас дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт”-д тусгасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хөдөө, орон нутгийг хөгжүүлэх нь нийслэлийн төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтойг Ерөнхий сайд онцлов.

Засгийн газраас нийслэлийн удирдлагуудтай хамтарч “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд”, “Сэлбэ сэргэлт” төсөл, нийтийн тээврийн шинэчлэлийг хийж эхлээд буй. Ялангуяа, нийслэлийн хэмжээнд өдгөө ашиглаж байгаа 1213 км авто замыг хооронд нь холбоход шаардлагатай 225 км авто замын бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд хийх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд гаргасныг тэрбээр танилцууллаа.


Өнгөрсөн хугацаанд хоорондоо холбоогүй асар их замыг төлөвлөлтгүй барьсан нь түгжрэлийн бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбох нь түгжрэлийг бууруулах гол хүчин зүйл. Энэ бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана. Хамгийн гол нь нийслэлчүүдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, хандлагын өөрчлөлт туйлын чухал гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

相关新闻