ЗАВХАН: Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх эхний туслагч нь төрийн албан хаагчид юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн цахим үйлчилгээний
албан хаагчдыг чадавхжуулах сургалт болж, цахим үйлчилгээг хэрхэн хүргэх
талаарх мэдлэг, чадавхиа нэмлээ.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас тус аймагт төрийн цахим үйлчилгээг операторын горимоор хүргэх албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг хийсэн. Сургалтад оролцогчдод төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахимаар харилцахад шаардлагатай нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн болон дэмжих систем.
Мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар, мөн мэдээллийн сүлжээ, мэдээллийн сангийн талаарх зохицуулалт, зохион байгуулалтын “Цахим хөгжлийн багц хууль” -нд хэрхэн тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Цахим хөгжлийн багц хуулиуд 2022 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Цахим гарын үсгийн тухай", "Кибер аюулгүй байдлын тухай" хуулиуд хэрэгжиж байна.
Эдгээр хуулиуд нь цахим хөгжил, интернэт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар, тэр дундаа цахим мэдээллийн аюулгүй байдлын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал алхам болсон. Хуулиуд хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуйн нэгжүүд болон төрөөс үзүүлдэг үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах.
Иргэдийн бухимдал үүсгэж чирэгдүүлдэг мэдээллийн хаалттай байдлыг нээлттэй болгох. Бүх шатны хүнд суртал, дарамтыг багасгах замаар авлигыг багасгахад эерэг үр дүнг авчирч буй нь цахим үйлчилгээг авч эхэлсэн иргэдийн сэтгэгдэл, санал хүсэлтээс харагдаж байгаа.
Иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, гар утас гэх мэт хувийн мэдээлэл, хурууны хээ, царай таних технологид суурилсан биометрик өгөгдлийг ААН, байгууллагууд дураараа ашиглахгүй болсон. Тиймээс төрийн цахим үйлчилгээг иргэдэд зөв таниулж, ойлгуулах, тэдний төрөөс авах үйлчилгээг нь шуурхай, нээлттэй болгоход дээрх сургалтад хамрагдаж буй төрийн албан хаагчид хамгийн эхний чиглүүлэгч туслагч нь болж ажиллах юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж, үйлчилгээний нэр төрөл, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар цаашид үе шаттайгаар чадавхжуулах сургалтыг бүх салбарт хийхээр ажиллаж байгаа аж.
Монгол Улс цахим шилжилтийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх талаар онцгой анхааран “И-Монголиа” төрийн үйлчилгээний системийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм. Одоогоор тус системээс Төрийн үйлчилгээний 839 үйлчилгээг шууд цахимаар авах боломжтой болсон аж.
Тухайлбал, “Автотээврийн
үндэсний төв” ТӨҮГ -ын эрхлэх асуудлын хүрээнд:
-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН
өмнө өмчилж байсан)
-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН
одоо эзэмшиж байгаа)
-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн
одоо эзэмшиж байгаа)
-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн
өмнө өмчилж байсан)
-Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийн хүсэлт
-Жуулчин тээврийн үйлчилгээ
-Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээ
-Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
-Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа
-Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах
-Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
-Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт
-Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа
-Техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах
-Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт
зэрэг үйлчилгээ, лавлагааг авах боломжтой аж.