Польшоос Монгол руу хийж буй экспорт 70 гаруй сая еврод хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-25 08:06:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хийж буй Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол-Польшийн бизнес форум болох гэж байна. Форумыг зохион байгуулж буй Польш Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн мэдээлж буйгаар, Польш улсаас Монгол Улс руу чиглэсэн экспортын хэмжээ 70 гаруй сая еврогийн хэмжээнд хүрээд байна.


Польш улсаас Монгол руу хийж буй экспортод хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас, барилгын материал голлох хувийг эзэлж байна. Мөн Польшийн компаниуд Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллаж, уул уурхайн машин, тоног төхөөрөмж, аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл нийлүүлдэг аж.


Польшийн бизнес эрхлэгчид Монголд дэд бүтэц, барилга, агуулах хангамжийн салбарт хөрөнгө оруулахаа илэрхийлж байгааг Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн Экспортын газрын дарга Лукаш Грабовски тодотголоо.

Тэрбээр хэлэхдээ, "Монгол Улс Төв Азид оршдог газар зүйн байршлаараа харьцангуй хол улс. Сүүлийн жилүүдэд Польшоос Монгол Улсад экспортолж буй бараа, бүтээгдэхүүн тогтмол өсөн нэмэгдэж байна. Сүүлийн жилд хоёр орны хоорондох экспорт 60-аас 70 гаруй сая еврод хүрч, хоёр оронтой тоонд шилжээд буйд таатай байна" гэв.


Польш улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг нь эдийн засаг, хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, тус орны экспортыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг байна.

Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд болох хоёр орны бизнес форумыг Польш улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг манай улсын ГХЯ, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж байна. Польш улсаас сүү, мах, махан бүтээгдэхүүн зэрэг хүнсний болон эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан эрчим хүч, барилга, хөдөлмөр зуучлалын салбарын компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.


“Шангри-Ла” зочид буудалд болох форумаар бизнес эрхлэгч нар хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцож, бизнес түншийн харилцаа тогтоож, өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх боломжтойг зохион байгуулагчдаас мэдээлж байна.  

相关新闻