Б.Очирваань: Мөрөөдлөө биелүүлж, Манчестер хүртэл дугуйгаар аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-27 12:26:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол залуу унадаг дугуйгаар Английн Манчестер хот хүртэл аялахаар шийдэж, аян замдаа гарахад бэлэн болоод байна.


Ирэх мягмар гарагт холыг зорих гэж байгаа залуутай өнөөдөр уулзсан юм. Түүнийг Б.Очирваань гэдэг. Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг.


Өдгөө 26 настай түүний хүсэл мөрөөдөл бол Английн Манчестер хотод очиж, “Old Trafford” цэнгэлдэхийг үзэх гэнэ. Хөлбөмбөгийн спортоор хичээллэж байсан энэ залуугийн бүр хүүхэд насны мөрөөдөл нь шүтэн биширдэг “Манчестер Юнайтед” багийнхаа цэнгэлдэхийг нүдээр харж баясах.


Улаанбаатараас Английн Манчестер хот хүртэл 12800 гаруй км замыг тэрбээр өөрийн итгэлт унаа болсон Германы “CUTE” брэндийн “TYRINGдугуйгаар туулах ажээ. Замын хань, энэ төмөр хүлгээ Герман улс руу захиж “CUTE” брэндийн Улаанбаатарт байдаг албан ёсны борлуулагч дэлгүүрээс авсан гэнэ.


Аяллын төлөвлөгөөгөө хоёр жилийн өмнөөс гаргаж, сүүлийн хэдэн сар байнга дугуй унаж бэлтгэлээ базаажээ. Бараг 12 мянга орчим км зам туулах аяллын хугацаагаа зургаан сар гэж тооцсон ч, гэнэтийн эрсдэлүүдийг оруулаад найман сарын хугацаанд аялах болов уу гэсэн таамагтай байгаа юм байна.


Аян замын бэлтгэлээ базаасан, Улаанбаатараас Турк хүртэл аялаад цааш өөр визээр хил нэвтэрнэ, бичиг баримтын хувьд асуудалгүй, бүгдийг нь авсан гэдгээ ч хэлсэн юм. Өөрөө англи хэлтэй учир орчуулагч шаардлагагүй, ганцаараа аялах юм байна. Аяллын зардлаа 15 сая гэж тооцсон бөгөөд одоогоор 5 сая төгрөгт багтааж аяны эд зүйлсээ бэлджээ.


Түүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд гэр бүл, ах дүүс нь тусалж дэмжиж байгаа гэнэ.   

相关新闻