Энэ жилийн шатрын УАШТ Ховдод болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбооноос гаргасан календарьчилсан төлөвлөгөөний дагуу энэ жилийн шатрын УАШТ Ховд аймагт зохиогдохоор болсныг өнөөдөр тус холбооныхон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Хэвлэлийн
бага хуралд МШХ-ны тэргүүн, дэд Ерөнхийлөгч Б.Наранбаатар, Ховд аймгийн Шатрын
холбооны тэргүүн Б.Балдорж, Шатрын их мастер, МУГТ Б.Мөнгөнтуул, Шатрын их
мастер С.Билгүүн нар оролцсон юм.
Тэд
орон нутагт УАШТ-ийг зохион байгуулснаар хүн төрөлхтөний оюуны хаан спорт хэмээн
өргөмжлөгддөг шатрын спортыг орон даяар түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур
чадварыг бүгд түвшинд жигд хөгжүүлэх, олон улсын болон дотоодын цолны болзлыг биелүүлэх
боломжийг бүрдүүлэх, улмаар Ховд аймгийг Монголдоо төдийгүй олон улсад
сурталчлах чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ.
Тиймээс
ч олон угсаатны өлгий нутаг болсон, баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд хот
шатрын УАШТ-ийг зохион байгуулахаар 2016 оноос хойш санал тавьж, энэ удаад 4-5
аймагтай өрсөлдөж эрх авсан байна.
2023
оны насанд хүрэгчдийн шатрын УАШТ энэ сарын 19-31-ний өдрүүдэд Ховд хотод болох
ба тус аймгийн ЗДТГ, ИТХ-ын дэмжлэгтэйгээр Монголын шатрын шилдгүүд оюун ухаанаа
уралдуулах болжээ.
Тэмцээний
шагналын сан 20 сая гаруй төгрөг бөгөөд эрэгтэй, эмэгтэй төрөлд 1-5 байранд тус
бүр 1 шатарчинг шалгаруулах юм байна. Түрүүлсэн шатарч 5 сая төгрөг, удаалбал 3
сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 1 сая, шагналт 4 дүгээр байр 800 мянга,
тавдугаар байранд орвол 500 мянган төгрөгийн шагналтай.
Ховд
аймгийн хувьд шатрын спортоор нийт 16 мастертэй. Үүнээс их мастер С.Билгүүн Зэрэг
сумынх бол, МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул Булган сумынх. Харин МУГТ, ОУМ Л.Мягмарсүрэн
Буянт сумынх юм байна. Сумдын тухайд Зэрэг сум шатрын 4 мастер цолтонтойгоор
бусдыгаа тэргүүлдэг байна.