ЗАВХАН: Нэр бүхий 25 генералын түүхийг таниулсан талбай бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт хүүхэд залуучуудын чөлөөт
цагаа өнгөрүүлэх сонирхолтой түүхийг өгүүлсэн хүндэтгэлийн самбар бүхий талбай
бий.
Улиастайн төвд байрших, Генералуудын талбай нь өнөөдөр эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генералуудаараа бахархах, хүндэтгэн дуурайх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий самбартай.
Улиастай хотын
өнгө үзэмжийг сайжруулаад зогсохгүй Зэвсэгт хүчний түүхэн ой, “Монгол цэргийн
өдөр”, “Генералуудын өдөр” зэрэг түүхэн ой, тэмдэглэлт баяр, хугацаат цэргийн
жинхэнэ албанд татагдсан дайчдыг үдэн гаргах, цэргийн албаа нэр төртэй хааж
ирсэн цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион
байгуулдаг гол талбай юм. Түүнчлэн гадаад, дотоодын аялал жуулчлалыг
хөгжүүлэхэд дэмжлэг болох, олон нийт, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв
боловсон өнгөрүүлэх орчныг бий болгосон зэрэг олон талын ач холбогдолтой олны
талбай болжээ.
/Зурагт: Генералуудын талбайн нээлтийн үеэр 2021 он/
Генералуудын
талбай байгуулсны учир нь:
-Эх
орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах.
Хилийн халдашгүй дархан байдал, энх цагийн бүтээн
байгуулалт, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө мэдлэг чадвар, авьяас
билиг, ажил амьдралын арвин их туршлагаа эгнэгт зориулан зүтгэж ирсэн 25
“Генерал” төржээ.
Тиймээс тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын генералуудын
алдар гавьяаг мөнхжүүлэн ирээдүй хойч үедээ сурталчилан таниулах, хүүхэд
залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгох зорилгоор аймгийн Цэргийн штабаас санаачлан, “Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайг шинэчилэн засварлаж 2021 онд нээжээ.
“Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайг ЗХЖШ-ын даргын
тушаалаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас томилогдсон ахмад Ч.Эрхэмбаатар
ахлагчтай барилгын бүлэг албан байгууллага, ард иргэдийн хандиваар, Зэвсэгт
хүчний 339, 325 дугаар ангиуд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар,
ШШГГ-ын алба хаагчид дотоод нөөц боломжиндоо тулгуурлан хийж гүйцэтгэсэн юм.
Жил бүрийн генералуудын өдрөөр эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, хошуучлан зүтгэсэн эх орны эрэлхэг хөвгүүдээрээ бахархах. Тэднийг хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх зорилготой хүүхэд залуучуудад зориулсан сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлыг тогтмол хийдэг гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.
Ташрамд, 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд "Генерал" хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн аж.