ЗАВХАН: Ходоодны хавдартай 10 гаруй иргэнийг эрт үед нь илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-03 15:15:43

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг ходоод, улаан хоолойн дурангийн хагалгааг амжилттай хийжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын Бриллиант эмнэлгийн эмч нартай хамтран орон нутагт анх удаа улаан хоолой, ходоодны салст хуулах хагалгааг амжилттай хийсэн байна. Хагалгаанд орсон өвчтөнүүдийн биеийн байдал сайн, хагалгааны дараах тусламж үйлчилгээгээ авч байна.


Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг нь дурангийн мэс заслын хоёр, мэргэшсэн хоёр сувилагчтай, ходоод улаан хоолойн мэс ажилбаруудыг орон нутагтаа хийж байна. Мэс заслын тасаг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй эмч мэргэжилтнүүдээ ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах. Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа бүрэн авах боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Орон нутагтаа улаан хоолойн өргөссөн судас авах, ходоодны ургацаг авах, ходоодны хурц цус алдалтыг зогсоох жижиг мэс ажилбаруудыг хийдэг.

Харин энэ онд улсын гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нартай хамтран дурангаар ходоод улаан хоолойн салст хуулах хагалгааг хоёр удаа хийсэн. Ходоод улаан хоолойн өвчлөлүүд нь байршлаасаа, үе шатаасаа шалтгаалаад ажилбар хийхэд төвөгтэй байдаг. Ингээд оношилгоо, батлагдсан төвөгтэй тохиолдлуудаа цуглуулж, дээд шатны эмнэлгийн эмч нартай хамтран хагалгааг хийсэн гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.


Завхан аймагт өнгөрсөн онд 1600 гаруй иргэн ходоод улаан хоолойн эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагджээ.

Эрт илрүүлгээр улаан хоолой ходоодны хавдрын нэг тохиолдлыг илрүүлж, ходоодны шарх, ургацаг гэсэн оноштой 20 гаруй иргэнд мэс ажилбарыг орон нутагтаа хийсэн байна. Харин 2023 он гарсаар эрт илрүүлгээр 10 гаруй хүн ходоод улаан хоолойн хавдартайг эрт үед нь илрүүлээд байна.



-Хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ одоо эхэлж байгаа ажил биш юм. 2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч 2019 онд 79800 иргэн улсын хэмжээнд хамрагдсан. Энэ хамрагдсан иргэдээс насны бүлгээр авч үзвэл хамгийн өндөр үзүүлэлттэй нь 46-64 насны иргэд идэвхтэй сайн хамрагдсан гэсэн статистик мэдээлэл бий. 18-44 насныхан хамрагдалт маш бага хувийг эзэлж байсан. Тэгвэл Завхан аймгийн тухайд 2022 оноос эхэлсэн эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэдийн 20 хувийг 18-44 насныхан эзэлж байна. 


Хорт хавдрын эрт илрүүлгийн хамгийн гол ач холбогдол нь хүндрэхээс нь өмнө эмчлэх. Хорт хавдар эрт илэрвэл эдгэрэх бүрэн боломжтой юм гэдгийг эрт үедээ оношлуулж хагалгаа болон, эмчилгээнд хамрагдсан иргэдээс харж болох юм. 

Ямар нэгэн өвчнийг эрт оношлох, илрүүлэх нь, эмчлэх, санхүүгийн бэрхшээлд орохгүй байх, цаг хугацаа алдахгүй гэсэн маш олон давуу талтай.


Жишээлбэл, хорт хавдар өнөөдөр үүсээд маргааш шинж тэмдэг нь илэрдэг өвчин биш. Нэг жилд 1 мм-ээр өсөөд таван мм буюу 0.5 см болохоороо л тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдгээр илэрдэг. Гэтэл түүнийг нь хүмүүс тоодоггүй. Гэтэл тэр 0.5 см-ээс өмнөх үед нь буюу нэг, хоёрдугаар шатанд хөнгөн хэлбэрийн эмчилгээнд ороод эдийн засгийн ч хямралд орохгүй, цаг хугацаа алдахгүй эмчлүүлэх бүрэн боломжтой. Харин гурав, дөрөвдүгээр шатанд зөвхөн хөнгөвчлөх буюу амь насыг уртасгах эмчилгээ л хийгддэг. Хэчнээн их мөнгө дал, наян саяар нь зарсан ч тухайн хавдрыг ялан дийлэх боломж, хүндэрсэн тохиолдолд байхгүй. Нэг, хоёрдугаар шатандаа яваа хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой. Эмчийн хяналтад яваад эмчлүүлээд байх боломжтой. Энэ боломжоо иргэд маань алдаад байна. Тиймээс энэ боломжоо алдахгүй байх, энэ боломжийг ихэсгэх үүднээс эрт илрүүлэгт заавал хамрагдаарай. Энэ боломжоо бүү алдаарай гэж зөвлөж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 


Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бэлтгэл ажлыг хийж, тавдугаар сарын 1-ний өдрөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж эхэлсэн аж. 


相关新闻