“Barilga Expo-2023”-д гадаадын 80 компани шинэ материал, дэвшилтэт технологио танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-06 09:07:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Barilga Expo-2023” олон улсын үзэсгэлэн яармаг “Мишээл Экспо”-д нээгдлээ. Олон улсын хэмээн тодотгож буй нь энд Итали, БНХАУ, БНСУ, ОХУ, Турк, Герман, Казахстан зэрэг орны төлөөлөгчид уригдан оролцож байна.


Энэ нь барилгын зах зээлд өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник технологи, барилгын материал, бүтээгдэхүүнийг таниулж, нэвтрүүлэх, мөн барилгын материалынхаа 70 орчим хувийг гадаадаас авдаг манай улсын хувьд дундын зуучгүйгээр шууд импортлох боломжийг олгох зорилготойг зохион байгуулагч нар онцолж байна.


Barilga Expo-2023” үзэсгэлэн, яармаг нь өнгөрсөн 4 дүгээр сарын 28-30-нд нээгдэж “Building materials” хэсгийг олон нийт болон салбарынханд танилцуулсан бол хоёр дахь хэсэг “International Fair”-аар ийнхүү 5 дугаар сарын 5-нд нээгдэж олон улсын барилгын салбарын оролцогчдыг үзэсгэлэнг зохион байгуулж байна. Удаалаад энэ сарын 12-14-нд “Real estate” хэсгээр буюу шинэ орон сууц, амины орон сууц, үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг танилцуулж үргэлжлэх юм.


Үзэсгэлэн яармагийн “International Fair”-ийн нээлтэд БХБЯ, Барилгын Хөгжлийн төвийн удирдлагууд, Итали болон Турк, Казахстан улсуудын ЭСЯ, БНХАУ-ын “Зунхуа” нийгэмлэг, Монгол-Германы бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцлоо. Харин үзэсгэлэнд дээрх орнуудын 80 орчим компанийн оролцогчид барилгын шинэ материал, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник технологио дэлгэн танилцуулж байна.


Үзэсгэлэнгийн өдрүүдэд салбарынхан болон гадаадын зочид төлөөлөгч нарт зориулан “Барилгын зах зээл ба дэвшилтэт технологи” сэдвээр Монголын барилгын салбарын зах зээл, бизнесийн орчин болон оролцогч компаниудын дэвшилтэт технологийн талаар илтгэл тавьж, салбарын хэлэлцүүлгийг “Мишээл Экспо” төвийн хурлын танхим болон тайзнаа зохион байгуулж байна.


Оролцогч байгууллагууд үйлчлэгч, хэрэглэгч нараасаа гадаадад аялах эрхийн бичгийн азтанг шалгаруулж, бараа бүтээгдэхүүндээ 10-50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байна.

Barilga Expo-2023” олон улсын үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга мн”, хамтран зохион байгуулагчаар БХБЯ, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ болон Итали улсын ЭСЯ, ерөнхий ивээн тэтгэгчээр “Active Garden Residence”, “Ховд Эко цемент” компаниуд ажиллаж байна.

相关新闻