ЗАВХАН: Өрх бүрийг угийн бичгээ хөтөлдөг болгох ажлыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймаг угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан
таниулах ажлыг эрчимтэй хийж байна.
Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл байжээ. Ахан дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан журамлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг юм. Монголчууд ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган ирсэн.
Энэ нь ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх. Удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрд заавал хөтөлдөг нэгэн түүхэн судар болсон.
Тиймээс
Завхан аймаг угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэгдүүлэх, аймгийн
хэмжээний сургагч багшийг бэлтгэх. Угийн бичиг хөтөлдөг айл өрхийн суурь
судалгааг шинэчлэх зорилго бүхий олон талын ажлыг явуулж байна.
Үүний нэг нь "Угийн бичиг хөтлөх арга зүй" сургагч багш бэлтгэх сургалт юм.
Энэ сургалтыг аймгийн Соёл, урлагийн газартай хамтран нийт 100 орчим хүнд
явуулж байна. Тодруулбал, аймгийн 24 сумын соёлын төвийн дарга, музейн ажилтан,
ерөнхий боловсролын сургуулийн Насан туршийн боловсролын багш, байгууллагуудын дэргэдэх
“Эцэг эхийн зөвлөл”-ийн нарийн бичгийн ажилтнууд сургалтад хамрагдаж, цаашид
иргэдэд угийн бичгийн талаар таниулах, сургагч багшаар бэлтгэгдэж
байна.
Энэ сургалтыг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнгийн Төр,
нийгэм, хүний аюулгүй байдлын судалгааны төвийн дарга, Анагаах ухааны доктор, хүний их эмч, хүн судлаач Э.Энхмаа удирдан явууллаа гэж Завхан аймгийн ГБХЗХГ-аас
мэдээлэв.
Ташрамд,
өнгөрсөн онд таван сум угийн
бичиг хөтлөх аяныг зохион байгуулжээ.
Түүний нэг нь Ургамал сум юм. Тус сумын ИТХ-аас сурагч бүрийг угийн бичгээ зөв хөтөлж сургах аяныг анх 2016 оноос эхлүүлсэн аж. Харин өнгөрсөн жилээс угийн бичгийг бичиж сурах сургалтыг үргэлжлүүлж үе шаттай явуулж эхэлсэн байна.
Өвөг дээдэс, садан төрлөө зөв мэдэх, таних, хүндлэх бахархах, удам угсааныхаа алдрыг ахан дүүс, удмаараа хамгаалах. Удам судраа цэвэр ариунаар авч явж, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бий болгох зорилготой сургалт үр дүнтэй болсон.
Өнөөдрийн
байдлаар сургалтын үр дүнд 100 гаруй сурагч, 60 гаруй залуус угийн бичгээ
хөтөлж сурсан. Эдгээр
сурагч, залуучуудын өөрсдийн хөтөлсөн угийн бичиг, угийн бичгийн үүх түүхтэй
холбоотой сонирхолтой баримт, ном товхимол бүхий бүтээлийн үзэсгэлэнг гаргаж
иргэдэдээ сурталчилсан.
Үзэсгэлэнд тавигдсан угийн бичигт есөн үеэ бүрэн дүүрэн бичсэн хүүхдүүд цөөн байсан. Харин жил ирэх бүр 9 үеэ мэдэж, сурч, эрж хайж хөтөлж буй нь энэ аяны үр дүн юм.
Ер нь өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсэж, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон баримт гэрчилдэг.
Ургийн бичиг нь түүх соёлын
ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь
юм хэмээн Ургамал сумын Соёлын төвийн эрхлэгч хэлэв. Энэ жил энэхүү аяныг соёлын
бүтээлч сарын хүрээнд илүү өргөн цар хүрээтэй явуулахаар төлөвлөжээ.