ЗАВХАН: Улаан хаалгын рашаан сувилал энэ жилээс аялагчдыг хүлээн авдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-15 17:09:09

Улиастай/МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан тус аймагт орших, монгол орны хамгийн эрэлттэй томоохон рашаан, сувиллуудын нэг болох Улаан хаалгын рашаан сувиллын талаарх мэдээллийг хүргэж байна.


Улаанхаалгын рашаан нь Улаанбаатар хотоос 1000 километрт, аймгийн төвөөс 50 км-т, Хаалгын эм хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газарт далайн түвшнээс дээш 2280 метрт оршдог. Халуун хүйтэн чанартай рашаан юм.

Тус рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай.



Кальци, магни, кали, натри, хүхэрт устөрөгч, гидрокарбонат, сульфат агуулсан, целсийн +10-аас +41 хэмийн халуун хүйтэн хосолсон нийт 61 төрлийн ундарга нээгдсэнээс 21 ундаргыг шинжлүүлж эмчилгээ, сувилгаанд ашиглаж байна. Рашаан нь таван цул, хий шар бадган хийгээд халуун шар, бөөр, зүрх, ходоод, элэг цөс, мэдрэл, үе мөч, ядаргааа, хоолой болон эмэгтэйчүүдийн өвчинд тустай.


Улирлын чанартай ажилладаг бөгөөд зуны зургаадугаар сараас эхлэн 9 дүгээр сарын 15 хүртэл хугацаанд рашааны чанар бөгөөд найрлага нь эмчилгээний түвшинд хүрдэг нь батлагдсан. Рашааны эмчилгээг хануур эмчилгээтэй хослуулж хийдгээрээ онцлогтой.



Тодруулбал, ардын эмнэлэг, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч, мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдаж, рашаанаар эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Физик эмчилгээ, биеийн тамир эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, иллэг, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.

Улаанхаалгын рашаан амралт нь байгалийн тогтоцын хувьд Тарвагатайн нурууны хойд хэсэг болох Богд Очирваань уулын ар тал болох эргэн тойрон гол дагасан ой модлог бутлаг, эмийн ургамал хосолсон, ховор ан амьтдаар дүүрэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Анх 1987 онд байгуулагдаж рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өдгөө 36 дахь жилдээ амрагч, сувилуулагч, жуулчдыг хүлээн авч байна.

Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд амрагч хүлээн авах зуны байр болон гэрүүдтэй.

Амрагч сувилуулагчдын байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спорт тоглоомын байртай.


Энэ жил үйл ажиллагаагаа өргөтгөж, амрагч, аялагчдыг мөн хүлээн авч эхэлсэн.

Аялагч амрагч нарт зориулж тухайн газар нутгийн сонин содон, онцлог түүхийг танилцуулж, морин аялал, явган аялал, үзэсгэлэнт онцлог газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хөтчийн үйлчилгээг үзүүлнэ.



Улаанхаалгын рашаан сувилалд ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг. Харин бусад амрагч, сувилуулагч нь нэг хоногийн 50-100 мянган төгрөгийн үнэтэй үйлчилгээ авах боломжтой аж. Нэг хоногийн үнэд хоол, байр, рашаан эмчилгээ, эмчийн үзлэг, сувилгааны үйлчилгээ бүгд багтжээ. Харин амралт, аялагчид дээрх үнээс гадна нэмэлт үйлчилгээг авах бол тодорхой төлбөртэйгээр амарч аялж болох аж.

Ташрамд ахмадууд бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл улсын хэмжээнд эрх авсан, амралт сувиллын газарт амарч сувилуулах эрхтэй аж.

Хуулийн дагуу ахмад настанд зориулсан амралт, сувиллын газрыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахаар журамласан байдаг. Журамд заасны дагуу ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зохион байгуулж, шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулдаг.


Монгол Улсын Их хурлын тогтоолоор 2017 оноос эхлэн ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгохоор хуульчилсан байдаг.

Тиймээс манай ахмадууд Ахмад настны тухай хуулийн 3.1-т зааснаар гэрээ байгуулсан амралт, сувилалд 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй эрхийн бичгийн дагуу хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах эрхтэй гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.



相关新闻