Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж үзүүлэх төвийн шав тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд манай улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж үзүүлэх төвийг байгуулахаар боллоо.
Тус төвийн барилгын ажлыг эхлүүлэх шавыг Баянгол дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн гүүрний орчимд тавив.
УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан шав тавих ёслолд оролцох үеэрээ хэлэхдээ “Монголчууд бид гурван сая иргэнтэй. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн байдаг. Хүн амынхаа тоотой харьцуулахад багагүй хувийг эзэлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд тусламж үзүүлэх, боловсролын үйлчилгээ олгох, нийгэмд байр сууриа эзлэхэд нь туслах үүднээс БНХАУ-ын Засгийн газарт санал тавьсны үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлэх төвийг байгуулахаар болсон билээ. Монголын нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.
500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус төвийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барих юм. Барилгын бүтээн байгуулалтын ажлын хугацааг 2.5 жил хэмээн тооцоолжээ.
Цаашид Азийн хөгжлийн төвтэй хамтран зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох төвийг байгуулахаар хэлэлцэж байгаа аж.
Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгэм хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Ерөнхий сайдын зөвлөх С.Түмэнгэрэл болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр