Өсвөрийн жүдо бөхийн тэмцээнийг Элчин сайдын нэрэмжит болгох санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-23 17:12:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Шизүока мужийн Изүнокүни хотод жил бүр зохион байгуулдаг өсвөрийн жүдо бөхийн тэмцээнийг энэ жилээс эхлэн Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит цомын төлөөх болгохыг хүсжээ.  


Элчин сайд Б.Баярсайхан Изүнокүни хотын Хамтын ажиллагаа, хот байгуулалтын хэлтсийн дарга Оосава Цүтомү, Гадаад харилцааны ажилтан Чинбатын Анун нарыг өчигдөр хүлээн авч уулзах үеэр Оосава Цүтомү энэ саналыг тавьсан байна.


Монгол Улсын Япон дахь Элчин сайдын яамны мэдээлснээр, Б.Баярсайхан сайд хүүхэд залуусын эрүүл мэнд, бие бялдар, хэл соёлын харилцааг хөгжүүлэхэд өсвөр насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг жүдо бөхийн тэмцээн нь чухал ач холбогдолтойг дурдаад, Элчин сайдын нэрэмжит цомын төлөөх тэмцээн зохион байгуулах тухай саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.



Тэрбээр Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийг дэмжиж, Монгол-Япон хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд, Японы нутгийн захиргааны байгууллагуудад монгол ажилтан ажилуулах сайн жишиг тогтоож байгааг онцоллоо.


Изүнокүни хот нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран ажилласан 10 жилийн хугацаанд хоёр улсын хүүхэд залуусын боловсрол, соёл, спортын үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж иржээ. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын ажлын байрны туршлага судлах аялалаас гадна техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгаа.


Түүнчлэн, Элчин сайд Монгол-Япон хоёр улсын хамтын ажиллагааны “хүн” төвтэй бодлогыг хэрэгжүүлэхэд Изүнокүни хотын үүрэг оролцоо их байх тул бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлжээ. 

相关新闻