Б.Жавхлан: Төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн өмнө жигдлэх нөхцөл үүссэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ, "Төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн өмнө жигдлэх байдлаар тохируулга хийх шаардлагатай. Үүний дараа үнийн өсөлттэй холбогдуулж цалинг өсгөх нь зөв юм" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр мөн үеэр, “Хөгжлийн банкны хувьд сүүлийн 3 жилийн хугацаанд амаргүй нөхцөл байдлыг туулж, дампуурахад бэлэн болсон байсан. Жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд тус банкны санхүүгийн үзүүлэлтүүд харьцангуй дээшлээд байна. Одоо ирэх есдүгээр сард төлөх “Евро” бондын 420 сая ам.долларын төлбөр үлдсэн. Өнгөрсөн хугацаанд тус банк хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй. Чанаргүй зээл төлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Өнгөрсөн онд уг банк ашигтай ажилласан нь чанаргүй зээлүүдийг төлүүлж, алдагдсан зардлаа эргэж олж авсантай холбоотой. Цаашид эл банк хуулиар хүлээсэн чиг үүргээрээ ажиллах шаардлагатай.
Мөн нэмж хэлэхэд, төсөвт тодотгол хийх нөхцөл байдал одоогоор үүсээгүй. Гэхдээ Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Бид эхний зургаан сарынхаа тайлан балансыг харах хэрэгтэй. Учир нь бүс нутаг дахь дайн хурцадмал нөхцөл байдлаас хамаарч эдийн засаг эмзэг байна” гэв.