Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франц улсын түүхэн дэх хамгийн залуу төрийн тэргүүн гэгддэг Эммануэл Макрон 1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Францын Амьен
хотод төрсөн бөгөөд айлын отгон хүү юм.
Эмч нарын гэр бүлээс гаралтай Макрон 1999 онд Парисын Нантеррийн Их
сургуулийн философийн анги, 2001 онд Парисын Улс төрийн дээд сургууль, 2004 онд
Францын Үндэсний удирдлагын ухааны сургуулийг тус тус төгсжээ.
Тэрбээр Францын Санхүүгийн хяналтын алба, "Rothschild & Cie"
банкинд ажиллаж байв. 2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллаж байсан ба 2012 оноос Элизейн ордны
Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр,
мэдээллийн технологийн сайдаар томилогдон ажиллажээ.
Э.Макрон 2016 онд төвч үзэлтнүүдийн “En marche» /Урагшаа/ улс төрийн
хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, улмаар 2017 онд 39 настайдаа Ерөнхийлөгчөөр
сонгогдсон байна.
Таван жилийн дараа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаар
хоёр удаа дараалан төрийн тэргүүнээр сонгогдож байсан Ерөнхийлөгч асан Жак
Ширакийн амжилтыг давтжээ.
Гэргий Брижит Макрон нь Э.Макроноос 25 насаар эгч бөгөөд ерөнхийлөгчийг
дунд сургуульд сурч байх үед түүнд багшилж байсан хүн юм.