Боомтын, тээвэр-логистикийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС)-ийн Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгээс бизнесийн хөгжлийн талаарх “Асуудал ба гарц” хэлэлцүүлэг форум зохион байгуулав.
Энэ талаар СЭЗИС-ийн багш профессор Д.Ариунаа хэлэхдээ, манай сургууль болон хүрээлэн энэ онд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Энэ хүрээнд төрийн болон ТББ-тай хамтран салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар хэлэлцлээ гэв.
Бидний зорилго, цар тахлын дараах өөрчлөлтөд бизнесийн байгууллагуудад тулгарч буй асуудлыг даван туулах, олон улсын туршлага, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар олон талт системийн мэдээллийг солилцож байна гэв.
Хэлэлцүүлгийн талаар СЭЗИС-ийн
Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Батжаргалаас мөн тодруулав. Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын хөгжлийн талаар ярихад бид эхлээд асуудлаа
зөв тодорхойлох нь чухал. Ингэснээр бүгдээрээ хөгжлийн талаар ижил ойлголттой
болно. Энэ бол хөгжлийн замнал” гэдгийг онцоллоо.
Асуудлаа зөв тодорхойлоод хөгжлийн шалтгааныг нь олчих юм бол бидний явах зам мөр ижил байна гэсэн үг. Тээвэр, логистик дээр жишээ авахад, ганц Монгол гэлтгүй, дэлхий даяар цар тахлын дараа бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Ингэснээр тээвэр, логистикийн асуудал хүндэрч, үүнийг шийдэх гарц гаргалгааг дэлхий даяар хайсаар байна.
Уг нь дэлхийн хоёр том гүрний дунд оршиж буй манай улсад тээвэр, логистикийн дамжуулалтын үүргийг гүйцэтгэх том боломж байгаа. Үүнийг яаж ашиглах вэ гэдгийг өнөөдрийн форумаар хэлэлцэж байна гэв. Яг үнэндээ өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ-ыг холбох эдийн засаг, тээврийн коридор Монгол Улс дээр ирээд тасалдчихаад байгаа юм. Үүнийг бид ойлгоод боомтуудаа сэргээж, замаа ч тавьж байна. Энэ талыг хариуцсан сайдтай болсон. Ахиц байна. Одоо харин үүнийг яаж хэрэгжүүлэх, боломжоо хэрхэн ашиглах вэ гэдэг нь чухал. Үүнд эхний ээлжинд дэд бүтэц, боомтын, тээвэр, логистикийн мэргэжилтнүүдээ бэлтгэх шаардлага гарч ирсэн. Энэ үүднээс СЭЗИС тээврийн мэргэжилтнүүдийг, тодруулбал, тээврийн эдийн засагч нарыг бэлтгэх талаар ЗТХЯ-тай хамтран ажиллахаар болоод байгааг тэрбээр хэллээ. Асуудлыг шийдэж гарцыг гаргахад СЭЗИС боловсон хүчин, мэргэжилтнүүдээ бэлтгэж, чадавхжуулах боломжийг гаргаж өгч буйг тодотголоо.
СЭЗИС, Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэн ЗТХЯ-тай хамтран тээврийн эдийн засагчдыг бэлтгэхээр тохиролцлоо.
Тээврийн эдийн засагч яагаад хэрэгтэй болсныг тодруулахад тэрбээр, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгч нарт хүргэхэд тэнд логистик заавал байх ёстой. Логистик гэдэг бараа, бүтээгдэхүүнийг яаж хүргэх гэсэн технологийн арга зам юм. Жишээ нь, өнөөдөр БОАЖЯ-ныхан манай хэлэлцүүлэгт оролцохдоо жуулчдыг зөвхөн агаарын тээврийн нислэгээр авчрах тухай ярьж байна. Гэтэл энд сайхан тэгш автозам, тохилог, унтлагын автобус, мөн хурдны галт тэрэг гээд боломжууд зөндөө байна. Манай урд хөршид энэ талын тээвэр хүчтэй хөгжчихөөд байна. Тээврийн хэрэгсэлд ухаалаг жолоодлогыг нэвтрүүлж, жолоочийг хиймэл оюун ухаанаар оруулахад цаашид автобус, галт тэрэгний ээлжийн жолооч гэлгүй, хязгааргүй байдлаар ажиллах боломжтой болж байна. Энэ боломжуудыг яагаад ашиглаж болохгүй гэдэг талаар бид хэлэлцлээ.
Энд СЭЗИС салбар салбарт
хэрэгтэй байгаа боловсон хүчин, инженер-технологичдыг бэлтгэх, хангах, орчин
үеийн техник, технологийг нэвтрүүлж, технологийн дэвшлийг ашиглахад холбогч
буюу зохицуулагчийн үүргийг гүйцэтгэх үүднээс өнөөдөр бид төр, хувийн хэвшлийн
олон талын төлөөллийг оролцуулсан форумыг зохион байгуулж байгааг онцолж
хэллээ.
Тэрбээр, СЭЗИС-ийн Хамтын
ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэн дээрх зорилгоор “Чад-амж!” (чадаад
амжуул гэсэн) хөтөлбөрийг
хэрэгжүүлж буйг дуулгалаа. Тус сургууль болон хүрээлэн дэргэдээ Эдийн засгийн
эрдэмтдийн зөвлөлөөс гадна техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Техник,
технологийн зөвлөл байгуулсныг мөн мэдээллээ.
СЭЗИС-д болсон “Асуудал ба гарц” форумд ЭЗХЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, БОАЖЯ, ЦХХХЯ, нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар, МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо зэрэг төрийн яамд, ТББ-уудын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцож, ЖДҮ-ийн өнөөгийн байдал, “Тээвэр ба боломж”, “Бизнес ба инновац”, “Бизнесийн ёс зүй ба комплаенс” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцлээ.
Гэрэл зургуудыг Н.Батбаяр