О.Орхон: Нийт зээлийнхээ 10 хувийг ногоон зээл болгох зорилт тавиад ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-14 21:59:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ы эхний өдрийн арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоноос тус банкны хэмжээнд олгож буй ногоон зээлийн хэмжээ, нэр төрөл, цаашид энэ чиглэлд барьж буй бодлогынх нь талаар тодруулсан юм.


-Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх нь байгаль орчинд төдийгүй тухайн улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй болохыг чуулганд оролцогчдын зүгээс дурдаж байна. Танай банкны хувьд энэ тал дээр ямар чигтэй ажиллаж байна вэ?

-Тогтвортой санхүүжилт гэдэг ойлголтыг Худалдаа хөгжлийн банк 2013 оноос буюу 10 жилийн өмнөөс эхлэн нэвтрүүлсэн. Анх банкныхаа үйл ажиллагаанд "Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын менежмент" тогтолцоог олон улсын байгууллагуудтай хамтарч нэвтрүүлж байлаа. Үүнээс улбаалж бүх арилжааны банк уг тогтолцоог нэвтрүүлсэнээр тогтвортой санхүүжилтийн хөгжлийн суурь тавигдсан юм. Түүнээс хойш улсын хэмжээнд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Үүний гол хөшүүрэг бол мэдээж санхүүжилт юм. Санхүүжилт авах гол эх үүсвэр бол олон улсын байгууллагууд, хөгжлийн агентлагууд гэхэд болно. 


-Ногоон зээл танай банкнаас гаргаж байгаа зээлийн хэдэн хувийг эзэлж байна вэ. Ийм зээлийн нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар ногоон зээл нийт зээлийн 1,6 хувийг эзэлж байна. Бид маш олон ажлыг хэрэгжүүлсэнээр 10 хувийн зорилтоо хангана. Манай банк өнгөрсөн жил ногоон бизнесийн зээл, жижиг дунд бизнест зориулсан, мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийг нэвтрүүлсэн. Энэ жил шинээр гурван бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Гэхдээ манай банк нэр төрлийг нэмэгдүүлэхээс илүүтэй хүртээмжийг тэлэхэд анхаарч буй. Тэгэхээр бизнесийн байгууллагууд өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг ногоон болгох шаардлагатай.


-Танай банк өнгөрсөн хугацаанд энэ тал дээр хэдий хэмжээний хөрөнгө татав?

-Банкуудын зорилго бол 2030 он гэхэд нийт олгосон зээлийнхээ 10 хувийг ногоон зээл болгох явдал юм. Зарим банк олон улсын зах зээлээс ногоон бонд босгосныг та бүгд сонссон байх. Энэ хурдаараа явбал түүнээс ч наана дэвшүүлсэн зорилтдоо хүрэх дүр зураг харагдаж байна. Манай банкны хувьд 50-250 сая ам.долларын төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээд буй. Одоогийн байдлаар бид томоохон аж ахуй нэгж, үйлдвэрүүдийн бизнесийг ногоон болгох, ногоон барилгыг зээлд хамруулах, хүнсний тогтвортой үйлдвэрлэлд ногоон зээл олгох гэсэн гурван чиглэлээр хөрөнгө босгохоор ажиллаж байна. Гэхдээ урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийг оруулж ирэхийн тулд шаардлага нь маш өндөрт тавигддаг. Өөрөөр хэлбэл, байгальд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ, хүлэмжийн хийг хэдэн хувиар бууруулах вэ, компаниудын хэрэгжүүлж буй төсөл нь амжилттай байх магадлал хэр байна вэ гэх мэт асуудлыг нарийн судалж, техник, эдийн засгийн үзүүлэлтээр нотолж байж тэрхүү санхүүжилтийг авах юм.


-Ногоон санхүүжилт нь өдгөө банкны салбарыг шинэ төлөв рүү шидэж байгаа үйл явц болчихлоо гэж ойлгож болох уу?

-Энэ чиг хандлага бол дэлхий нийтийн чиг хандлага. Дээрээс нь бүх санхүүгийн байгууллагад тавигдаж байгаа шаардлага юм. Мексикийн банкууд анх ногоон зээлийн бодлогоо тодорхойлохдоо монголын банкуудын жишгээс санаа авч хэрэгжүүлсэн байх жишээтэй. Энэ нь бид дэлхий нийтийн чиг хандлагаас хоцрохгүй байгааг илтгэж байгаагийн зэрэгцээ манлайллыг үзүүлээд явж байгаа хэрэг болж байна. Энэ бүх үйл явц нь нийгмийн хариуцлага гэхээсээ бидний бизнесийн цаашдын модель болж өөрчлөгдөх ёстой гэж харж байна.


-Өнөөдрийн арга хэмжээнд гаднын байгууллагын төлөөлөл олноор оролцож байна. Тэдний зүгээс өгч буй зөвлөмж юу байна вэ?

-Хоёр өдрийн энэ удаагийн чуулганыг Монголын тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бий болсны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. Тус чуулган нь хөрөнгө оруулалтын форум биш, харин том зургаараа буюу дэлхий нийтээрээ ногоон санхүүжилт тал дээр бодлогын ямар арга хэмжээ авах вэ, төрөөс ямар үр нөлөө үзүүлэх бололцоотой вэ, санхүүгийн байгууллагад ямар шинэ бүтээгдэхүүн байж болох вэ, ямар хэлбэрээр хөрөнгө оруулалт татах вэ гэдэг дээр талууд ярилцлаа.

相关新闻