Э.Номиндарь: Бид аль болох "ногоон угаалт"-аас зайлсхийх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-15 14:52:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, БНХАУ-ын Санхүү, тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын тогтвортой банк санхүүгийн холбоо, Худалдаа хөгжлийн банк хамтран “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг зохион байгуулж байна. Энэ үеэр Монголын тогтвортой санхүүгийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарьтай ярилцлаа.


-Энэ удаагийн чуулганаар ногоон санхүүжилтийн асуудлыг голлон ярьж байна. Зөвхөн санхүүжилтийг чуулганы түвшинд ярих болсны цаад шалтгаан юу вэ?

-Өмнө нь хэрэгжиж байсан томоохон зорилтуудын үр дүнг хэмжиж үзэхэд хамгийн том алдсан алдаа бол бодлогын төлөвлөлтийг санхүүжилттэй нь холбоогүй байсан явдал юм. Тиймээс хэрэгжилтийн түвшинд хангалтгүй байдлыг бий болгож байна гэсэн ойлголт дээр бүх орнууд санал нэгдсэн байдаг. Тэр ч утгаараа Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээр батлагдаж байх үед бодлогын том зорилтыг дэвшүүлэхээс гадна санхүүгийн тогтолцоог хамтад нь батлах шаардлагатай гэж үзсэн. Олон улсын түвшинд Уур амьсгалын ногоон сан гэсэн тусгайлсан санхүүгийн байгууллага байгуулагдсан. Тэр сангаас Монгол Улс нэлээн хэмжээний санхүүжилт татсан байдаг. Гэхдээ хөгжлийн санхүүгийн байгууллагууд, төр засгаас бүх санхүүжилтыг татна гэдэг нь хязгаарлагдмал юм. Тэгэхээр дэлхий даяар болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн санхүүгийн салбарыг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулахаас өөр аргагүй. Тэр ч утгаараа Монгол Улсын хувьд байгаль орчин, санхүүгийн асуудлыг холбож ойлгох тал дээр 2013 оноос ажиллаад явж байна.


Энэ хүрээнд санхүүгийн салбарынхан өөрсдийнхөө үүргийг ухамсарлан ажиллаж байна. Гэтэл тэдний зүгээс олгож буй зээлийн чанар муудсанаар банкны салбарт эрсдэл учруулж буй. Тиймээс бидэнд гаднын зах зээлээс ногоон бонд татах маш их хэрэгцээ үүсээд байна. Ямар ч хөрөнгө оруулалт өнөөдөр сонголттой биш болчихоод байна. Өмнө нь "Та авч буй эх үүсвэрийнхээ тодорхой хувийг ногоон байдлаар аваач" гэдэг байсан бол одоо "Нийгмийн юм уу эсвэл ногоон зээлийн аль нэгнээр нь олгоно" гэсэн шаардлагыг тавьдаг болсон. Ирээдүйн банк, санхүүгийн чиг хандлагад энгийн санхүүжилт гэж байхгүй, бүх үйл ажиллагаа байгаль орчин болоод нийгмийн үр ашигтай холбогдоно гэсэн үг. 


-Бид ногоон санхүүжилтийг гаднаас татах сонирхлоо энэ удаагийн чуулганаар илэрхийлж байна. Гэхдээ манай улс ногоон санхүүжилтийн болзлыг хэр хангасан бэ?

-Монгол Улс ногоон санхүүжилтийг хэдийнэ гаднын зах зээлээс татаад эхэлсэн. Бид өөрсдийнхөө бэлэн байдлыг хангахаас гадна төр засгийн зүгээс бодлогын орчныг нь бий болгосон. Өнөөдөр таксономи буюу ногоон санхүүжилт олгох боломжтой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг таних нэгдсэн тодорхойлолт, ангилал зүй гэж ярьж байна. Европын холбооны таксономи 2-3 жилийн өмнө гарч байсан бол Монгол Улсын таксономи түүнээс ч өмнө боловсруулан батлуулсан дэлхийд хоёр дахь орон болсон. Төрөөс бодлогын суурь орчныг нь бүрдүүлээд өгөхөөр хөрөнгө оруулагчид Монгол Улс хангалттай таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. Бидэнтэй "нэг хэлээр" ярих боломжтой улс юм байна гэж ойлгож байгаа юм. Бид эх үүсвэр татах тал дээр асуудалгүй, эх үүсвэр ч хангалттай их байна. Хамгийн гол нь ногоон төслүүдээ бэлдэх хэрэгтэй. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд маш олон төслийг боловсруулан гаргаж буй. Энэ бүх төсөл нь ногоон хөгжлийн зорилттой холбогдохгүй бол тэдгээр төслийг санхүүжүүлэх бололцоо хязгаардмал болж ирнэ. Тийм учраас төсөл хэрэгжүүлэгчид энэ тал дээр чамгүй санаачилгатай ажиллах хэрэгтэй. Том төслүүдээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд маш их боломж бий. Энэхүү шилжилтийг бид хамтдаа хийх шаардлагатай.


-Гаднын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулах таатай улс орны нэгд Монгол Улс тооцогдож байна гэж ойлголоо?

-Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг эрс нэмэгдүүлэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, ногоон зээлийн өнөөгийн хэмжээ дунджаар 2 хувьтай байгаа бол банкны салбар 10 хувьд, банк бус салбар 5 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ удаагийн форумыг зохион байгуулахын өмнө өнгөрсөн жил зохион байгуулсан форумын хүрээнд хийсэн ажлуудаа дүгнэж үзлээ. Хийх ёстой ажлуудаа хангалттай гүйцэтгэсэн байна. Мөн гүйцэтгэлийн түвшинд яваа ажил ч байна. Тухайлбал, ногоон бондыг дурдаж болох юм. Үүний зэрэгцээ өнөөдрийн арга хэмжээнд 30 орны 60 төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Томоохон хөгжлийн сангуудын төлөөлөл чуулганы үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, оролцож байна. Энэ нь өөрөө Монгол Улстай хамтарч ажиллах нь чухал үйл явц хэмээн үзэж байгаа үзүүлэлт хэмээн харж байна. 


-Монгол Улс цаашид ногоон санхүүжилт татах нь тодорхой болчихлоо. Гэхдээ бид ямар “гэрийн даалгавар” биелүүлсэн байх ёстой вэ?

-Гаднынхны хамгийн ихээр анхаарч байгаа асуудал бол "ногоон угаалт" юм. Энэ нь санаатай болон санаандгүй байдлаар ногоон биш бараа бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийхийг хэлж байгаа юм. Европын холбооны түвшинд үүнийг хуульчлах хүртэл асуудал яригдаж байна. Манайхан өөрсдийн бүтээгдэхүүний шошгон дээр "ногоон" гэж бичээд, худалдаалаад байна шүү дээ. Түүнийг хуулиараа хориглоно гэсэн үг. Хөрөнгө оруулагчид төсөл санхүүжүүлэхээс өмнө болоод санхүүжүүлсэний дараа бодитой бөгөөд ногоон үр дүн гаргах, хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байх, тайлангаа ил тод тайлагнадаг байх гэсэн зарчмыг шаарддаг. Эдгээр шаардлагыг хангахын тулд стандарт хэрэгтэй болно. Энэхүү зохицуулалт манай улсад одоогоор сул байна. Ийм үед бид олон улсын стандартыг дагах болно. Тэрхүү баталгаажуулалтыг ногоон барилгад хийлгэхийн тулд 10 мянган ам.доллар төлөх болно. Олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллах шаардлага үүснэ. Ингэхээр төсөв мөнгөний хувьд ихээхэн хэмжээний зардалтай болно гэсэн үг. Тиймээс энэ удаагийн форумоор ногоон төслүүдийн баталгаажуулалтыг хэрхэн үр дүнтэйгээр хийх вэ гэдэг дээр санаачилга дэвшүүлэх болно.


相关新闻